Бүргэдийн баяр ирэх сарын 3-4-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-02-19 12:04:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нүүдэлчдийн өвөл-2019” нэрийн дор уламжлалт “Бүргэдийн баяр” гуравдугаар сарын 3-4-нд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох гэж байна.

Дээрх баяр нь тэмцээн хэлбэрээр явагдаж, бүргэдчид үндэсний хувцсаараа гоён тэжээсэн бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсдаг юм. Уламжлалт зан заншлыг хадгалж, өнгө дизайн зэрэг бүх байдлыг нарийн шалгаж хамгийн гое үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинг шалгаруулдаг аж. Нөгөө талаар энэ баяр нь бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод гадаадын жуулчдад сурталчлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилготой юм.


ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2010 онд “Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй” зан үйлийг бүртгэсэн. Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүссэн энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орны нэг нь Монгол Улс юм.


Энэ дашрамд дурдахад, Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байгаа юм. Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа бөгөөд тухайн өвийг олон улсад таниулах, хадгалж хамгаалах, сэргээх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ