Төрөх эмнэлгийн барилга 80 хувьтай байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-19 14:01:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгатай танилцлаа.

Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх хэсгийн дээвэр, ялангуяа Е хэсэг, цахилгааны дэд өртөөний гурван барилга, шохойдмол тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дууссан байна. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ.

Гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК нь дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд ирэх сарын 1-нээс дулааны эх үүсвэрт холбогдсоноор дотоод заслын ажлыг хийж дуусгана гэдгийг албаныхан хэллээ.


ЭМЯ-наас уг амаржих газрыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан холбогдох газруудтай удаа дараа уулзан, газар дээр нь ажиллаж буй. 
Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлагад нийцсэн 140 ортой амаржих газар, 160 ортой төрөлжсөн, нарийн мэргэжлийн эх, хүүхдийн цогц төв ажиллаж эхлэх юм.

Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж  барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэж санхүүжүүлэх шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм.  Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн.  2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг  “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.

Холбоотой мэдээ