Ховд аймгийн хэмжээнд 20 мянга гаруй мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас Ховд аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч, малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан аймгийн хэмжээнд 20 мянган мал хорогдсон мэдээтэй байна. Үүнээс тэмээ 34, адуу 689, үхэр 2209, хонь 6813, ямаа 10971 хорогджээ.
Хорогдлын дийлэнх хувийг Буянт, Эрдэнэбүрэн, Мөст, Ховд, Мянгад, Мөнххайрхан сумууд эзэлж байна. Мөн 3242 мал хээл хаяснаас 58 гүү, 142 үнээ, 173 хонь, 2869 эм ямаа хээл хаяжээ. Малчид малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулсан бөгөөд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 641.2 мянган толгой малыг нэмэгдэл тэжээлд оруулаад байна.
Ховд аймгийн хөдөөгийн 91 багийн 7000 гаруй малчин өрхийн хотонд 3146.4 мянган мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс тэмээ 25.3 мянга, адуу 128.5 мянга, үхэр 193.6 мянга, хонь 1174.2 мянга, ямаа 1624.6 мянга, хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал байгаа юм.
Өөр аймгийн нутагт 47 өрхийн 3.5 мянган бод, 32.8 мянган бог, хилийн зурвас бүс нутагт 293 өрхийн 22.1 мянган бод, 220.8 мянган бог, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1076 өрхийн 80.8 мянган бод, 481.2 мянган бог мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Энэ сарын байдлаар аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарын хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа ажээ. Мал аж ахуйн салбарын хаваржилт хүндэрч байгаа шалтгаан нь манай аймагт хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нийт нутгаар, хоёрдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө болон 13-ны өдөр нийт нутгийн 70 орчим хувьд цас орж, өглөө, оройдоо хүйтэн жавартай, бэлчээрийн хомсдол, өвсний гарц муу байгаагаас үүдэлтэй гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ.
Одоогийн байдлаар цасны зузаан алтайн салбар уулсаар 15-20 см, бусад нутгаар 2-10 см цастай байна.
Н.Лхагва