Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-19 16:01:00

Ховд/МОНЦАМЭ/ Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жайка ОУБ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа. Сургалтад Ховд аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын төлөөллөөс бүрдсэн 150 гаруй хүн хамрагдлаа.

Сургалтын хүрээнд Жайка ОУБ-ын төслийн сургагч багш Тэрүяа Эми оролцогчдод хөгжлийн бэрхшээл гэж юу болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэнийг  хэлэх, тэдэнд төрийн үйлчилгээг  хэрхэн ижил тэгш, хүртээмжтэй хүргэх  талаар нэгдсэн мэдээлэл өгсөн юм. 

Мөн сургагч багш нарын зүгээс төрийн албан хаагчдад  тухайн сургалтаар олж авсан мэдлэгийг байгууллагынхаа үйл ажиллагаанд тусган ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах харилцаа, хандлагын талаарх зөв зохистой ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийг  зөвлөсөн юм. Энэхүү сургалтын үр дүнд  орон нутгийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, цаашид тэдэнд хандах нийгэм, олон нийтийн хандлагыг  сайжруулах чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцоллоо.

Н.Лхагва

 


Холбоотой мэдээ