Баянхонгор аймгийн гуталчид нийслэлд туршлага судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-02-20 15:09:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор сумын гутал үйлдвэрлэгч 26 хүнтэй уулзлаа.

Уулзалтын хүрээнд 21:100 хөтөлбөрийн хүрээнд Баянхонгорт аймагт шинээр баригдах Гутлын үйлдвэр, мөн Баянхонгор сумын 7, 9 дүгээр багт баригдаж дуусаад байгаа "Ахуйн үйлчилгээний төв"-ийн барилга, орон нутагт хэрэгжиж байгаа хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөр, дэмжлэгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцов.

Гутлын үйлдвэр эрхлэгчдээс гарсан хүсэлтийн дагуу нэн тэргүүнд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байгаа томоохон гутлын үйлдвэрүүдэд "Туршлага судлах аялал"-ыг гуравдугаар сард зохион байгуулан, тэднийг чадваржуулж, ажлын байраар ханган, дэмжлэг үзүүлэхээр боллоо.

“Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамрах бөгөөд 2020 он хүртэл хэрэгжих аж.

Холбоотой мэдээ