Түлэнхийн төвийг энэ онд ашиглалтад оруулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-20 16:56:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношилгоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглох, Түлэнхийн төвийн барилгын явц 60 хувьтай байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн тус төвийн шинэ барилгатай өнөөдөр танилцаж, яаравчлахыг үүрэг болгов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг барилга нь үндсэн 3 блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констакшн”-тай, В блокын гүйцэтгэгчээр “Нутгийн зам” ХХК-тай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн хооронд 2007 онд байгуулсан хэлэлцээрт тус сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ГССҮТ-ийн харьяа Түлэнхий төвийн барилгыг цогцоор нь барих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Үүний дагуу ЭМЯ, “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны 8 дугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлжээ.  


Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 60 хувьтай байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улиралд ашиглалтад бүрэн оруулахаар гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж байна. Уг барилга нь "А", "В", "С" 3 блоктой.  А блок захиргааны хэсэг, В блок эмнэлгийн хэсэг, С блок мооргийн барилга байх юм. "А" блокын 5 давхар барилгын хаалга, цонх, дотор засал, халаалт, гадна фасад, дээвэр, гадна шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгасан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Холбоотой мэдээ