Ё.Баатарбилэг: Боловсрол, соёлын салбарын хөрөнгө оруулалтад "бэртэгчин" аж ахуйн нэгжийг оролцуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-21 13:36:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тендерт шалгарсан компаниудын хариуцлагагүйгээс болж ажил цалгардуулж болохгүй гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг салбарын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагатай уулзах үеэрээ онцлон анхааруулав.

Тэрбээр, "23 байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэхээр авсан компани төсөв мөнгө нь бүрэн батлагдсан байхад 5-50 хувийн гүйцэтгэлтэй 5 жилийн нүүр үзэж байна. Үүнд хатуу хариуцлага тооцож ажиллана. 2013 онд Засгийн газрын хурлаар баталсан боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх концесс баталсан. Энэ асуудлыг Засгийн газарт оруулна, эргэн харах хэрэгтэй" гэв.

Өнгөрсөн онд боловсролын салбарт нийт 325 төсөл хэрэгжсэнээс 35 төсөл батлагдсан төсвөө огт авч чадаагүй. Зарим худалдан авах ажиллагааны тендер газар чөлөөлөлт, тендерийн маргаан, зураг төсвийн асуудлаас шалтгаалан жилийн сүүлээр зарлагдсан болохыг удирдлагууд дурдаж байв. 2019 онд боловсролын салбарт нийт улсын төсвийн хөрөнгө оруулалтын 39.7 хувь буюу 616.5 тэрбум төгрөгийн 603 төсөл хэрэгжих юм.

БСШУС-ын сайд хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны бүх эрхийг төсвийн төвлөрүүлэн захирагч буюу аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Эрх шилжүүлсэн ч батлагдсан төсөвт багтаан шуурхай зохион байгуулахыг тодорхой хугацаатай үүрэг болгосон. Яамны зүгээс гүйцэтгэлд хяналт тавих, шахаж шаардах, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа, "2018 онд тендер оройтож зарласнаас шалгарсан компаниуд санхүүжилтээ авахад хүндрэл учирсан. Иймд урьдчилгаа төлбөрийн баталгаагаар санхүүжилтээ авах ажлыг сангийн яам сайн зохион байгуулсан. 2019 онд урьдчилгаа төлбөрийн асуудалд чанга байр суурьтай байх болно. Учир нь жил дараалан ийм байдлаар санхүүжилтээ гаргуулах нь тухайн компани чадамжгүй гэдгийг харуулж байна гэсэн үг" гэв.

Энэ удаагийн уулзалт хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан компаниудын удирдлагуудтай салбарын сайд уулзсан анхны уулзалт гэдгээрээ онцлог байлаа.

Уулзалтад БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Сангийн дэд сайд Х. Булгантуяа, холбогдох албаныхан болон гүйцэтгэгч компанийн 200-аад төлөөлөл оролцов.

 

Холбоотой мэдээ