“Сум хөгжүүлэх сан”-гаас олгох зээлийн чиглэл, товыг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-25 12:22:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас “Сум хөгжүүлэх сан”-аас 2019 онд олгох зээлийн төсөлд баримтлах чиглэл, төсөл хүлээн авч, шалгаруулах хугацааг батлан гаргалаа.

Тус баримт бичигт Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр цонх, хаалт, хаалганы үйлдвэрлэл, тоосгоны үйлдвэр, бетон зуурмагийн болон бетон хийцийн үйлдвэр, чулууны үйлдвэрийг дэмжихээр тусгажээ. Харин хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр малын гаралтай дайвар бүтээгдэхүүн болон ноос боловсруулах үйлдвэр, сүүний үйлдвэр, арьс шир, нэхий элдэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр, ингэ, үхрийн фермийн аж ахуй, 1-ээс дээш га талбайд төмс хүнсний ногоо, 0,5 га-аас доошгүй талбайд жимс жимсгэнэ тариалах үйл ажиллагаа болон 180 мкв-аас доошгүй талбайд өвөл зуны хүлэмж барихыг дэмжихээр тогтоожээ.

Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр эко түлш үйлдвэрлэхийг дэмжих бол худалдаа, үйлчилгээний чиглэлээр орон нутгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж, тохижилт, авто угаалга, засварын үйл ажиллагааг дэмжих ажээ.  

Дээрх чиглэлээс гадна иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн, 9-өөс доошгүй ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, зах зээлд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихээр шийдвэрлэсэн байна.

“Сум хөгжүүлэх сан” –ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 2019 оны 3 дугаар сарын 13-22-ны өдрүүдэд хүлээн авч, мөн сарын 28-ны дотор шалгаруулахаар Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд үүрэг болгожээ. 

Холбоотой мэдээ