Гурвансайхан сумын Мянгат малчдын II зөвлөлгөөн Улаанбаатар хотноо боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-27 14:18:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сумынхаа шинэчлэлийг хийж, бусад аймаг, сумдад үлгэр жишээ болон хөгжиж байгаа Гурвансайхан сум өнгөрсөн жилээс эхлэн Мянгат малчдынхаа уулзалт, зөвлөлгөөн хийж, хөрөнгө босгож, сумандаа хэрэгцээтэй ямар нэг асуудлыг шийддэг болжээ.

Тус сумын нутгийн зөвлөлөөс сумын ЗДТГ-тай хамтран энэ жилийн зөвлөлгөөнөө “Малчин менежер” сэдвийн дор  Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Зөвлөлгөөнийг нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн нээж, тус сумын ИТХ-ын дарга Р.Сүхбаатар, Засаг дарга Л.Өлзийбат нар үг хэлж,  нэг жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа, ирэх жилд хийгдэх бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх төслийг танилцуулжээ.

5 жилийн өмнө сумынхаа шинэчлэлийг эхлүүлсэн тус суманд шинээр 12 айлын орон сууц, сургууль, Соёл спортын цогцолбор, жижиг дунд үйлдвэрийн парк, хатуу хучилттай зам, гэрэлтүүлэг, нэгдсэн халаалт гээд бүтээн байгуулалтын маш олон ажлууд хийгдсэн байдаг. Харин хуучин сургууль, соёлын төв одоо ашиглагдаагүй байгаа ажээ. Тиймээс ашиглагдахгүй байгаа хуучин барилгуудыг засварлан тусгай зориулалтаар ашиглах “Зочин” төслийг зөвлөлгөөний үеэр танилцуулсан байна.

Тус суманд ирсэн зочдыг хүлээн авах, амт, чанар сайтай хоол, цайгаар үйлчлэх зочид буудал, ресторан үгүйлэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурлан сургуулийн хуучин барилгыг зочид буудал, Соёлын төвийн хуучин барилгыг рестораны зориулалтаар ашиглан чанартай үйлчилгээг бий болгохын тулд  дээрх төслийг хэрэгжүүлэх ажээ.  

Мөн өнгөрсөн жил “Мянгатын сан”-гийнхаа хөрөнгөөр барьсан Жижиг дунд үйлдвэрийн паркийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх төслийг танилцуулж, хэрэгжүүлэх төслүүдийг мянгатууд санал нэг дэмжсэн байна.

Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дэд дарга Содномын Батсайхан нарын албаны хүмүүс ирж оролцон баяр хүргэж сонирхолтой мэдээлэл өгчээ.

Өнгөрсөн жилийнхээ ажлын үр дүнг хэлэлцэн, ирэх жилд хэрэгжүүлэх төслөө ярилцан шийдвэрлэсэн Мянгатууд зөвлөлгөөнийхөө дараа ноос, ноолууран бүтээгдэхүүний "Говь” үйлдвэрээр зочлон үйл ажиллагаатай нь танилцжээ. Мөн Морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Т.Галбадрах, "Монголын зохиолчдын хорооны ТУЗ-ийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав,  "Ган-Илч” ХХК-ий ерөнхий захирал О.Ганбат, тус сумын нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлууд зэрэг олон хүн зөвлөлгөөний үеэр зохион байгуулсан арга хэмжээнд оролцон, баяр хүргэжээ.

Тус сум 2018 онд 69 мянгат малчинтай байсан бол энэ жил 86 мянгаттай болжээ. Гурвансайхан сумын мянгатууд гэр бүлийнхээ хамт Улаанбаатар хотноо цуглаж, хоёрдахь зөвлөгөөнөө ийнхүү амжилттай зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ