Барилгын салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-03 18:37:20

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Барилгын салбарын удирдах ажилтнуудын энэ оны анхны сургалт, зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд барилгын салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. 

Тус сургалт, зөвлөгөөнд барилгын салбарынхан болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл 200 гаруй хүн оролцов.

Манай аймагт 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй тэрбум төгрөгийн 60 орчим төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс 56.2 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгохоор баталсан байна. Дээрх 60 орчим төсөл, арга хэмжээний 40 гаруй хувь нь шинэ, 20 орчим нь шилжих хөрөнгө оруулалт буюу өнгөрсөн жилийн ажлын үргэлжлэл байна. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар 4.7 тэрбум төгрөгийн 80 гаруй төсөл арга хэмжээ төлөвлөгдсөнөөс 39 төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын эрхийг сум, байгууллагуудад шилжүүлжээ.

Зөвлөгөөний үр дүнд дээрх төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг чанаржуулах, барилга байгууламжийг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх, байнгын хяналтыг сайжруулах, барилгын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, барилгын норм, стандартыг мөрдөх зэрэг асуудалд анхаарч ажиллахаар болж, зөвлөмж гарган барилгын компаниудад хүргүүлэхээр болов.

Ховд аймагт барилга угсралтын болон дэд бүтцийн чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй 70 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн хоёр жилд улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн бөгөөд 2018 онд аймгийн хэмжээнд 12 тэрбум төгрөгийн 450 гаруй худалдан авах ажиллагаа зохион байгуулжээ.

                                                                                                                 

 

 

 


Холбоотой мэдээ