Савнаасаа хальсан сангуудын мөнгө

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-03-04 17:18:18

Засгийн газар тусгай сангуудад шалгалт хийж долоог нь хаана гэж Сангийн сайд мэдэгдлээ. Хаагдаж байгаа сангуудаас үйл ажиллагаа явуулаагүй хэрнээ зардал гарч байсан гэнэ. Гарсан зардал нь  албан тушаалтны томилолтын зардал, хэвлэл мэдээлэлтэй хийсэн хаалтын гэрээний төлбөр, гэх мэт янз бүрийн хэлбэртэй байсан бололтой. Үнэхээр үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ зардал гаргаад байгаа сангуудыг хаах нь бүгдэд ойлгомжтой. Сүүлийн саруудад олны анхаарлыг татсан ЖДҮ-ийн сангийн талаар ХХААХҮ сайд ч. Улаан мэдэгдлээ. Тэрбээр тус сангаас одоогооор зээл олгоогүй байгаа юм. Харин эргэн төлөлтийг нь Сангийн яам хугацаа хэтэрсэн 100 тэрбум төгрөгийнхөө өрөнд суутган авч байгаа гэв. Энэ сан үлдэнэ. Гэхдээ  Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС), Мал хамгаалах сан (МХС)-тай нэгтгэх аж. Нэгтгэгдэх дээрх сангуудын зөрчил хамгийн их хэмжээтэй байгаа юм  билээ.


ЖДҮ-ийн  сангаас эрх, мэдэлтэй албан тушаалтанууд  жилийн гурван хувийн хүүтэй зээл аваад ББСБ-аар оруулан жилийн 40 орчим хувийн хүүтэй зээл болгон мөнгө угаадаг гэсэн ерөнхий ойлголт нийгэмд тархжээ. Харин ТЭДС, МХС-г мэддэгч үйл ажиллагааных нь талаар бүдэгхэн ойлголтой байжээ. Иргэн Б. Маналжав “ТЭДС биднийг бага үнэтэй гурил идэхэд зориулагддаг гэсэн ойлголтой явдаг” гэж хэллээ. Гэтэл энэ сангаас 147 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Түүний 47 тэрбум төгрөг нь зөвхөн тендар зарлах үйл ажиллагааг явуулахгад гаргасан зөрчил. Энэ санд одоо 72 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл төлөгдөөгүй байгаа гэнэ.  МХС-аас хүүгүй зээл олгодог юм байна. Гэтэл өвс тэжээл нийлүүлэх, малжуулах нэрээр гарсан зээл эргэж төлөгдөөгүй. Дээр нь аж ахуйн нэгжүүд авсан хүүгүй зээлийнхээ  хугацааг сангах талаар тус сантай шүүхдэлцдэг юм байна. “Өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана” гэдэг энэ байх даа. Зээл өгсөн авсан хоёрыг “таарсан таар шуудайнууд”  гэж нэрлэхээс өөр хэлэх үг олдсонгүй.


Боловсорлын сан гэж нэг ёроолгүй сав байдаг юм байна. Ёстой ичиж үхмээр... Тэнд 74 мянган мэргэжлийн диплом барьцаанд байгаа. Тус сангаас 52 сая ам. доллар зээл олгожээ. Зээлүүлэх бол нэг хэрэг,  түүнийг эргүүлж төлөх ёстой. Эргэн төлөлт тус санд  тэг гэж хэлж болно. Зээлээ төлөөгүй эрхэмүүдийн ангилал зэрэглэлийг авч үзвэл “шударга үнэн”-ий дуу хоолой болж яваа энэ цагийн улстөрчид, түүний үр сад, бүр давраад тэдний цүнхчид байх жишээтэй.  Цүнхчин залуусийн улс төрд орж ирсэн түүх их сонин, дандаа л нэгээс нөгөөрүү урваж явсан байдаг. Ингэж “улааныг үзэж урвадаг, шарыг харж шарвадаг” залуус сангийн хөрөнгөөр тоголж явсан байх юм. Ийм учраас ичиж үхмээр гэж дээр хэлсэн хэрэг шүү дээ. Энэ сангийн хувьд зээл олгодогч эргүүлэн төлөх механизм нь маш сул. Түүнийг шийдвэр гаргагчид бүгд мэддэг. Гэхдээ сайжруулах талаар өнгөрсөн хугацаанд ямар нэг алхам хийгээгүй. Тус сангийн зээлийн эргэн төлөлт сул байх нь улстөрчид, шийдвэр гаргагчдын хувьд  нэг нь нөгөөдөө  тал засдаг хамгийн том боломж байсан бололтой.


Сангийн сайд Ч. Хүрэлбаатар төсвийн хөрөнгө, мөнгө  урасдаг цорго болсон Засгийн газрын тусгай  29 сангийн долоог татан буулгана гэж хэллээ. Тэр хэмжээгээр төсвийн хөрөнгө урасдаг цоргоны тоо цөөрнө. Сайн хэрэг. “Сайны хажуугаар саар” гэж ярьдаг. Засгийн газрын тусгай сангуудыг шинэчлэх хүрээнд гурван санг (ЖДҮ, ТЭДС, МАЛ)  нэгтгэх юм байна. Хамгийн их зээл олгодог сангууд л даа. Түүнийгээ дагаад алдаа зөрчил, шамшигдсан хөрөнгө, мөнгөний тоо өндөр гарч байгаа гэх. Засгийн газрын тусгай сангуудад бүтцийн өөрчлөлт хийх энэхүү үйл явц нь тус сангуудаас зээл нэртэй “хулгай хийсэн” сүүлгүй чоно (улстөрчид)-уудыг ял” завшуулах магадалал өндөр харагдаж байгаа юм. ЖДҮ-ийн сангаас л гэхэд УИХ-ын 20 гаруй гишүүн зээл авсан гэдэг, зарим нэр бүхий гишүүд  Монгол улсын ерөнхий прокуророос баримт түшиглэн асуудлыг нь УИХ-д оруулахад л шалгуулахгүй хоцорж чадсан. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд сангуудыг нэгтгэх явцад өр цайрч мэдэх юм. Хэрэв ийм зүйл гарсан тохиолдолд иргэдийн төрд итгэх итгэл хэд дэхин буурна. Засгийн газар ажиллах орон зайгүй болж болох юм. Ийм байдалд хүргэхгүйн тулд Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нараас улс төрийн зоригтой алхам хийхийг, шударга байхыг цаг үе шаардаж байна. Цаг үеийн шаардлага, улс төрийн орон зайг мэдэрч ажиллах нь  Засгийн газрын насыг уртасгах сайн талтай. Ямарч нөхцөлд хийсан аждлын үр дүн гардаг. Сангуудын гаргасан алдааг засах, сан нэртэй, цоргоор  урссан хөрөнгө, мөнгийг эргүүлэн төсөвт төвлөрүүлэх нь сангуудын шинэлчлэлийн амин сүнс нь байх бололтой. Савнаасаа хальсан сангуудын хөрөнгө, улстөрчдийн халаас руу урссан муу зуршил илаарших өдөр ирэх нь тодорхой. Харин хэзээ вэ гэдэг нь Засгийн газрын ”эр зориг”-оос шалгаална гэж хэлж болох гэнэ.

Холбоотой мэдээ