Ахмадын байгууллагын удирдах ажилтнууд ажлаа дүгнэн, цаашдын зорилтоо тодорхойлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-04 22:44:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн болон 15 сумын Ахмадын хорооны удирдах ажилтан, идэвхтэн, сонгуультнуудын сургалт семинар Мандалговь хотод болж байна.

3 дугаар сарын 4,5-ний өдөр үргэлжлэх энэхүү сургалт, семинар нь Ахмад настны тухай хууль, тэдний талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, өнгөрсөн оны ажлаа дүгнэн ярилцаж, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлох зорилготой ажээ.

Энэхүү үйл ажиллагааны үеэр аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир Монголын Ахмадын байгууллагын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч, ЗДТГ-ын НБХ-ийн дарга А.Нарантуяа Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, ахмадын талаар аймгаас хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийг танилцуулж, оролцогчдын асуусан асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Мөн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн даатгалын газар, НДХ-ээс ахмад настанд үзүүлэх халамж үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл хийсэн юм.

Үргэлжлүүлэн ахмад настны хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зөвлөх үйлчилгээ, зөв хооллолтын талаар мэдээлэл хийж, 2018 оны ажлаа дүгнэн, цаашдын зорилтоо тодорхойлж, анхаарах асуудлуудын талаар ярилцаж, аймгийн Ахмадын хорооны дарга сумдын Ахмадын хорооны дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулах ажээ.  

Холбоотой мэдээ