Анхаарахгүй бол 630 сая хүний сонсгол муудна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн Сонсгол Хамгаалах Өдөр” болгон зарласан. Энэ жил дэлхийн сонсгол хамгаалах өдрийг “Ирээдүйг сонсохын тулд өнөөдрөөс сонсголоо шалгуулцгаая” уриан дор тэмдэглэж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхийд сонсгол муу, дүлийрэлтэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд бөгөөд тэдний 6 хувийг сэргийлэх боломжтой байдаг аж. 15-35 насны залуучууд чихэвч байнга хэрэглэх, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсгол муудах эрсдэлд орох нь элбэг байдаг байна.
Ямар нэг арга хэмжээ авахгүй тохиолдолд дээрх үзүүлэлтүүд жил ирэх тусам нэмэгдэж, сонсгол муу, дүлийрэлтэй хүний тоо 2030 онд 630 сая, 2050 онд 900 саяд хүрнэ гэсэн тооцоог судлаачид гаргажээ.
Жил бүрийн энэ өдөр ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн хамт олон уламжлал болгон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн асрамжийн газар, хүүхэд хамгаалах төвүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж, сургалт явуулдаг. 2019 онд сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн төв сувиллын дутуу нярайн тасгийн 20 нярайд сонсголын скрининг шинжилгээ, сувиллын 68 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эхчүүдэд сургалт зохион явууллаа. Баянхошууны асрах төвийн Хөх тэнгис цэцэрлэгийн 28 хүүхэд, Улаан чулуутын хогийн цэгт байрлах “Нарны хүүхдүүд цэцэрлэг”-ийн 85 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өгөв. Мөн C1 телевиз, TV-25 телевиз, Эмчийн өргөө TV болон FM 104.4-р “Сонсголоо хэрхэн хамгаалах” талаар шууд нэвтрүүлэгт оролцож, сонсгол хамгаалах мэдээлэл түгээв.