"Эвийн хүч" худалдааны төв энэ сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн "Эвийн хүч" худалдааны төвийг 6 жилийн өмнө төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалт буюу 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан ч газар өмчлөлийн маргааны улмаас огт ашиглалгүй өдийг хүрч байна. Энэ маргааныг шийдвэрлэж, гуравдугаар сард ашиглалтад оруулахаар боллоо.
Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр “Ховд эвийн хүч” хоршооны 300 гаруй гишүүнтэй уулзаж, тус худалдааны төвийг ашиглалтад оруулах талаар хэлэлцлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга, Хоршооны дарга нарын хооронд байгуулах урт хугацааны гэрээний төслийг танилцуулж, санал солилцов.
Гэрээний дагуу хөрөнгө оруулалтын хэмжээгээр “Эвийн хүч” ОНӨОААТҮГ өмчийн 78, "Ховд эвийн хүч” хоршоо нь 22 хувийг эзэмших юм. Харин хоршооноос удирдлага, менежментийн 70, орон нутаг 30 хувийг тус тус хариуцан ажиллахаар болж байна. Ингэснээр бизнес эрхлэгчид ашиг орлогоо нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн 400 гаруй иргэн ажлын байртай болох боломж бүрдэх юм.
"Эвийн хүч" худалдааны төв нь 96:44 хэмжээтэй, 10 метр өндөр, 8160 метр квадрат талбай бүхий 500 гаруй павильон, лангуу тасалгаатай юм. Тус худалдааны төвд шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг Орон нутгийн өмчийн газар хариуцан, мэргэжлийн компаниудаар хийлгэж байна. Тухайлбал, цахилгаан халаагууртай байсныг өөрчилж усан халаагууртай болгожээ. Мөн галын аюулгүй байдлыг хангах, агааржуулалтыг нь сайжруулах, цахилгааны монтажийг иж бүрэн засварлах, камержуулалт суурилуулах, цэвэр бохирын шугамд холбох зэрэг ажлыг хийж эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд уг худалдааны төвийг ашиглаагүй боловч цахилгаан хангамжийн өр үүссэн, эвдэрч гэмтсэн зэрэг олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэж, аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд засвар үйлчилгээний ажлыг хийж дуусган, үйл ажиллагааг нь жигдрүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.