The National Interest: Хэрвээ дайтвал Энэтхэг, Пакистан хоёрын аль нь ялах вэ?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-03-05 14:24:44

Энэтхэг, Пакистаны хооронд дэгдсэн сөргөлдөөн даамжирсан тохиолдолд үйл явдал цаашид хэрхэн өрнөх вэ гэдэг тухайд батлан хамгаалах ба үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн шинжээч, өдгөө Сан-Франциско хотод ажиллаж буй Кайл Мизоками /Kyle Mizokami/ өөрийн дүгнэлтийг хийжээ. Түүний үзэж байгаагаар, Пакистаны тал цөмийн зэвсэг хэрэглэхээс өмнө Энэтхэгийн арми давшилтад орохоор төлөвлөж байгаа аж. Энэтхэгийн давшилт өрнөж, ердийн зэвсэг хэрэглэсэн дайны явцад Пакистан улс ялагдсан тохиолдолд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх магадлал улам нэмэгдэнэ гэж Америкийн The National Interest сэтгүүлд шинжээч Мизоками дүгнэн бичсэнийг орчуулан хүргэе.     

Энэтхэгийн хойг бол дэлхий дээрх хамгийн том арми бүхий хоёр улс оршдог газар орон юм. Энэтхэг болон Пакистаны аль алиных нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо АНУ-ынхаас давдаг бөгөөд тус хоёр улсын армиуд 1947 онд Британийн Энэтхэгийн арми татан буугдсанаас хойш байлдааны бэлэн байдалд байсаар байна. Сүүлийн 70 жилийн хугацаанд хоёр армийн хооронд 4 удаа зэвсэгт мөргөлдөөн дэгдэж байсан бөгөөд ирээдүйд ч мөргөлдөөн болж магадгүй нөхцөл байдал үүсчээ. 


Энэтхэгийн арми  


Тус улсын зэвсэгт хүчинд 1,2 сая хүн алба хаадаг ба нөөц бэлтгэл хүч нь 990 мянган хүнтэй, нийтдээ 2,1 сая цэрэгтэй юм. Тус улсын зэвсэгт хүчний гол үүрэг бол Пакистан ба Хятадтай залгаа хилийг хамгаалах, дотоодын аюулгүй байдал, ялангуяа Кашмир болон улс орны зүүн хойд хэсэгт аюулгүй байдлыг хангах явдал юм. Түүнээс гадна, Энэтхэгийн цэргийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд байнга оролцдог.  


Энэтхэгийн армийн бүрэлдэхүүнд 14 армийн корпус багтдаг ба тэдгээр нь явган цэргийн, хуягт танкийн, уулын явган цэргийн болон уулын явган цэргийн механикжуулсан 40 дивизээс бүрдэнэ. Корпус бүрт их бууны тусгай бригад байдгаас гадна 5 тусгай хуягт танкийн бригад, 7 явган цэргийн бригад, агаарын довтолгооноос хамгаалах 4 анги бий.   

Явган цэргийн ба уулын явган цэргийн дивизүүд нь Энэтхэгийн хойд болон баруун хойд нутагт байрладаг. Босогчдын эсрэг ажиллагаа явуулах, уулархаг газар оронд шуурхай үүрэг гүйцэтгэхийн тулд тус бүс нутагт армийн бие бүрэлдэхүүнийг олноор нь татан байрлуулжээ. Харин явган цэргийн, хуягт танкийн болон уулын явган цэргийн шинэчлэгдэн зохион байгуулагдсан анги салбаруудыг Пакистантай залгаа хилийн дагуу байрлуулсан байна. Дашрамд дурдахад, Энэтхэгийн армид агаарын десантын ганцхан анги байдаг нь хачирхалтай. Шүхрийн хороо нь армийн десантын анги нэгтгэлүүд ба тусгай хүчний хувьд штаб нь болж байдаг. Шүхрийн хорооны бүрэлдэхүүнд тусгай хүчний 7 батальон, агаарын десантын 3 бригад багтдаг аж.   

Хуурай замын цэргийн хүч нь гол төлөв Орост болон дотоодод үйлдвэрлэсэн зэвсгээр хангагдсан ба сүүлийн үед Израиль, АНУ-аас зэвсэг худалдан авах нь нэмэгдэж байна. Хуягт танкийн 97 хороо нь нийтдээ 4000 гаруй танктай ба тэдгээрийн дотор 2400 ширхэг Т-72 танк, 1600 ширхэг Т-90 танк, 360 ширхэг “Аржун” танк бий. Хуягт танкийн ба механикжуулсан анги нэгтгэлүүдийн зэвсэглэлд явган цэргийн байлдааны машин БМП-2 байдаг.


Энэтхэгийн Хуурай замын цэргийн хүчний артиллерийн зэвсэглэлийн ихэнхийг Орост үйлдвэрлэсэн ба тэдгээрээс 300 мм-ийн зэрэг галлах “Смерч” тийрэлтэт систем олон бий. Гэхдээ сүүлийн үед Энэтхэг улс Оросын хээрийн артиллерийн зэвсгээс татгалзаж, Америкийн M777 гаубиц их буу, Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн K-9 Thunder өөрөө явагч их бууг илүүд үзэж байгаа бололтой.


Гэхдээ агаарын довтолгооноос хамгаалах их бууны хувьд Орост үйлдвэрлэсэн төхөөрөмжүүд давамгайлж байгаа ба эдгээрээс “Тунгуска” өөрөө явагч зенитийн их буу ба хэт өндөрт байгаа байг устгаж чадах “Триумф” зенитийн пуужингийн цогцолборыг дурдаж болно.


Пакистаны арми


Тус улсын зэвсэгт хүчинд 650 мянган хүн алба хаадаг бол нөөц бэлтгэл хүчинд 500 мянган хүн бий. Пакистан улс дайсагнасан улсуудын хүрээлэлд байдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг боловч тус улс хөршүүд болох Хятад ба Ирантай нэлээд сайн харилцаатай. Иймээс армийн анги нэгтгэлүүдийн гол үүрэг зорилт бол дотоодын аюулгүй байдлыг хангах, Пакистанд үүрлэсэн Талибан хөдөлгөөнтэй тэмцэх, түүнчлэн Энэтхэгийн армийг сөрөн зогсох явдал юм. Пакистан бол Энэтхэгийн нэгэн адилаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээдэг гол орнуудын нэг билээ. 


Пакистаны арми нь 9 корпусын бүрэлдэхүүнд багтах 26 цохилтын дивизээс бүрдэх ба тэдгээрийн ихэнх нь явган цэргийн дивизүүд бөгөөд хуягт танкийн 2 дивиз, 2 механикжуулсан дивиз бий. Армийн корпус бүрт дунджаар хуягт танкийн 1 дивиз, явган цэргийн 1 дивиз, артиллерийн нэг бригад харьяалагдана. Пакистаны арми бие бүрэлдэхүүн, цар хэмжээний хувьд Энэтхэгийнхээс бага төдийгүй Энэтхэг рүү шууд довтолж чадах цохилтын анги нэгтгэлүүд цөөтэй юм. Армийн тусгай хүч нь Special Services Group  буюу Тусгай албадын бүлгийн харьяанд байх ба тус бүлэгт коммандосын 8 батальон харьяалагдана.  


Хуурай замын цэргийн хүчний зэвсэглэлд ихэвчлэн Пакистан ба Хятадад үйлдвэрлэсэн зэвсгүүд байх ба тэргүүн анги нэгтгэлүүд нь Турк, АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгээр хангагджээ. Пакистан улс фронтыг сэтлэх тэргүүн шугамын Khalid, Т-80УД маркийн 700 танктайгаас гадна 1970-аад онд Хятадад үйлдвэрлэж, шинэчлэн сайжруулсан 1000 танктай. Тус улсад орчин үеийн явган цэргийн байлдааны машин байхгүй ба M113 маркийн гинжит хуягт тээвэрлэгчийг /шинэчлэн сайжруулсан/ ашигладаг. 

Пакистаны армийн хуурай замын цэргийн хүчний зэвсэглэлд голдуу Хятад ба АНУ-д үйлдвэрлэсэн, хуучин загварын 2000 орчим артиллерийн төхөөрөмж байдаг ба шинэ загваруудыг зэвсэглэлд нийлүүлэхээр төлөвлөөгүй байна. Тэдгээрийн дотор 250 ширхэг M109A5 маркийн 155 мм-ийн өөрөө явагч их буу 250 ширхэг, 300 мм-ийн зэрэг галлах тийрэлтэт систем 200 ширхэг бий. Пакистан улс цохилтын нисдэг тэрэгний тоогоор Энэтхэгээс давуу бөгөөд AH-1S Cobra маркийн 51 нисдэг тэрэгтэйгээс гадна AH-1Z Viper маркийн 15 нисдэг тэрэг захиалжээ.  


Хоёр улс дайтсан тохиолдолд тэдгээрийн хуурай замын цэргийн хүчнүүдийн хооронд томоохон тулгаралт болох нь тодорхой. Цэргийн тоо болон зэвсэглэлийн хувьд дутуу Пакистаны арми бүс нутгийн хүрээнд багахан хэмжээний цэргийн хүчээр давшилтын ажиллагаа явуулж, Энэтхэгийн арми фронтын тэргүүн шугамд ирэхээс өмнө ашигтай байрлал бүхий газар орныг эзэлж магадгүй. Хүчний хувьд тэнцвэргүй байгаа учраас пакистанчууд томоохон хэмжээний давшилтын ажиллагаа явуулж, дайны үйл явцыг өөрт ашигтайгаар эргүүлнэ гэж найдах боломжгүй. Ийм учраас ердийн зэвсэг бүхий  анги салбарууддаа дэмжлэг үзүүлэхийн тулд Пакистаны арми тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхэд улам илүүтэй найдлага тавьж байна.


Харин Энэтхэгийн арми “Хүйтэн эхлэл” /Cold Start/ гэдэг цэргийн номлолынхоо дагуу нэн даруй давшилтын ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Уг номлолд тусгаснаар, дайчилгаа явуулж, пакистанчууд цөмийн зэвсэг хэрэглэхээс өмнө Пакистаны нутаг руу өргөн хэмжээний давшилтын ажиллагаа явуулах аж. Давшилтын дүнд Пакистан улс ялагдаж магадгүй тул тус улс тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх магадлал улам нэмэгдэж байгаа юм.   


Энэтхэг, Пакистаны бие биедээ дайсагнасан харилцаа нь Энэтхэгийн хойгийг дэлхий дээрх хамгийн аюултай газруудын нэг болгон хувиргажээ. Зэвсэгт хүчний хүчин чадлын тэнцвэргүй байдал, хоёр талын цэргийнхний боловсруулсан байлдааны ажиллагааны төлөвлөгөө, түүнчлэн хоёр улс хоёулаа цөмийн зэвсэгтэй болсон явдал нь бүс нутгийн хэмжээнд цөмийн хязгаарлагдмал дайн дэгдэх магадлалыг улам бүр бодитой болгож байгаа юм.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://nationalinterest.org/blog/buzz/india-vs-pakistan-who-wins-war-and-how-many-millions-could-die-44827

https://inosmi.ru/politic/20190302/244678951.html

 

  

Холбоотой мэдээ