Нийлэг уутны хэрэглээг хориглосон ч орон нутагт хэрэгжихгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-05 22:44:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 03 дугаар сарын 01-нээс нийлэг уут худалдах, хэрэглэхийг хориглосон. Энэ нь байгаль экологи болоод хүний эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой шийдвэр хэдий ч бодит байдал дээр хэрэгжих боломжгүйг худалдаа эрхлэгчид болоод, иргэд хэлж байна. Нийлэг уутыг орлох бүтээгдэхүүн байхгүй, түүний талаарх мэдээлэл хомс байгаа нь тогтоол хэрэгжих боломжгүйн гол шалтгаан гэлээ.     

Сүхбаатар аймгийн төвд үйл ажиллагаа эрхэлдэг томоохон худалдааны төвүүдээр ороход нийлэг уутыг худалдсан, ашигласан хэвээр байлаа. Өөрөөр хэлбэл орон нутагт дээрх тогтоол хэрэгжихгүй байна гэсэн үг.  

     

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй ч нийлэг уутыг орлох уут байхгүй, хаанаас авч, хэдий өртгөөр худалдах талаар огт мэдээлэл аваагүй.  Эхлээд орлох уутаа хангалттай хэмжээгээр нийлүүлсэн бол тогтоолыг тухайн өдрөөс нь дагаж мөрдөх боломжтой. Гэтэл энэ мэтчилэн бэлтгэл ажлаа хангаагүй нь тогтоол хэрэгжихгүй байгаа гол шалтгаан. Нөгөө талаар нийлэг уутыг орлох цаасан болоод даавуун уут гарлаа гэхэд нийлэг уутнаас илүү өндөр өртөгтэй. Тэгэхээр түүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтайг нэгэн худалдааны төвийн менежер хэлж байна.

Харин энэ талаар иргэдээс тодруулахад, уг тогтоолыг мэдсэн ч хэрэгжихэд хүндрэлтэй, эсвэл огт мэдээгүй гэх хүн ч байна. Олон талын сөрөг нөлөөтэй гэдгийг мэдсэн ч нийлэг уутыг хүн бүр хэрэглээд заншчихсан. Тиймээс ямар нэг шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаа бол эхлээд түүнтэй холбогдох бэлтгэлийг сайтар хангах ёстойг иргэд ярьж байлаа. 

Холбоотой мэдээ