Эмэгтэйчүүдийн баяраар ямар ном бэлэглэх вэ?
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/.
ЖАМИЛЬ
|тууж|
1956
онд М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургууль”-д суралцах болсон Чингиз
Айтматов хоёр жилийн дараа “Жамиль” туужаа бичсэн бол 1959 онд сюррелизмын
үндэс суурийг тавигчдын нэг Арагон уг бүтээлийг франц хэл рүү хөрвүүлснээр шинэ
түүх эхэлжээ. Орчуулагч уг бүтээлийг “Дэлхийн хамгийн сайхан хайрын түүх”
гэж тодотгосон байна. Гэвч үнэндээ “Жамиль” бол миний хувьд яруу үнэний дуулал
билээ. Бидний ичиж зовж, айж эмээдэг үнэн гэдэг зүйлийг үзье гэвэл Даниярын
дуу, Жамилийн зүрх л хамгийн төгс хэлбэр нь байх боломжтойгоор Чингиз Айтматов
туужийг зохиомжилсон байна.
Тэд бол
дэлхийн II дугаар дайны дараах үеийн үнэнтэй нүүр тулан уулзаж, өөрсдийн зүрх
сэтгэлээсээ урваагүй баатрууд. Зохиолчийн хувьд үгийн томоохон мастер болохыг
нь бид “Цаазын тавцан”, “Зуунаас ч урт өдөр”, “Цайран харагдах хөлөг онгоц”,
“Эхийн тал” зохиолуудаар нь хэдийн мэднэ. Киргизстан улсын тухайн үеийн нөхцөл
байдлыг тайлбарлан бичиж, тэмдэглэн үлдээсэн нь Айтматовын гавьяа хийгээд
үргэлж мөнхөд дэлхийн мянга мянган уншигчдад сонсогдох жамтай жинхэнэ хайрын
тухай, сэтгэлд ойрхон дуу юм.
ТЭВЧИХИЙН
АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ
|уран зохиол|
Кундера
бол орчин цагийн авьяаслаг постмодерн романчдын нэг хэмээн үнэлэгддэг. Харин
түүний “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” бүтээлд учир шалтгаангүйгээр хөврөх
ганц ч өгүүлэмж үгүй.
Романы
гол дүрийн бүсгүй болох Терезаг сэтгэлзүйн хувьд оршихуйн “хүнд” элементээр
тодорхойлж болно. Тереза өөрийн хайртай залуу болох Томаст хандаж “Би чамайг
хөгшрүүлмээр байна” гэж хэлдэг боловч үүнийг зохиогч “Теразагийн энэ үг “Би
чамайг сул дорой болгомоор байна. Өөртэйгөө адил сул дорой болгомоор байна”
гэсэн ганц л санааг илтгэж байв” хэмээн өгүүлсэн нь бий.
Хэдий
өөр олон бүсгүйтэй нэр холбогдож, Сабинагийн дотоод гоо сайхан, хэзээ ч мартаж
болохгүй дурсамжийн илэрхийлэл болсон хар бүрхний хувь тавиланд орооцолдох ч
гэлээ Терезагаас холдож үл чадах Томас хэмээх залуу оршихуйн “хөнгөн” шугамаар
романд байр суурь эзлэх ч бүлэг болгонд тэднийг хүнд, хөнгөн хоёрын аль алинд
нь хамаатуулж болох билээ.
Кундера
романыхаа нэгэн чухал дүр болох Сабина хэмээх эмэгтэйн тухай “Эх орныхоо зовлон
зүдгүүрийг тээж байгаа нь хүүхнийг улам ч үзэсгэлэн гоо болгож байв” гэж бичсэн
байдаг.
BECOMING: МИНИЙ ТҮҮХ
|намтар|
Америкийн Нэгдсэн Улсын
анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай Мишель Обамагийн намтар Becoming:
Миний түүх ном 2018 оны 11 дүгээр сард анх худалдаанд гарсан бөгөөд өдгөө
дэлхийн 43 орны хэлээр орчуулагдан гараад байна. Мөн энэхүү ном зөвхөн худалдаанд
гарсан өдрөө 725,000 хувь борлогдсоноос гадна ердөө 15 хоногийн дотор АНУ-д
2018 онд хамгийн олон тоогоор борлогдсон ном болж, рекорд тогтоосон юм.
Мишель Обама бол Цагаан
ордныг урьд хожид байгаагүйгээр олонд нээлттэй, хүн бүрийг хүлээн авахад бэлэн
газар болгож хувиргахын сацуу АНУ болон дэлхий дахины охид бүсгүйчүүдийн эрхийг
хамгаалах үйлст алив бүхнээ зориулаад зогсохгүй, айл өрхүүдэд илүү эрүүл,
идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээж, хамгаас хэцүү цаг мөчүүдэд
Америк улсыг удирдан чиглүүлэхэд нь нөхөртөө түшиг тулгуур болсон гайхалтай
эмэгтэй юм.
Гүн гүнзгий эргэцүүлж, шимтэн уншмаар бичсэн энэхүү дурдатгалаараа тэрээр Чикагогийн Саут Сайдад өнгөрүүлсэн хүүхэд нас, эх хүн, ажил мэргэжлийн хариуцлагаа дэнсэлсэн удирдах албан тушаалын он жилүүд, дэлхийн хамгийн алдартай хаяг бүхий ордонд аж төрсөн үе гээд өөрчлөлт авчирсан амьдралын хором мөчүүдээ дүрслэн өөрийн ертөнцдөө уншигчдыг урьжээ. Мишель Обама нийтийн болоод хувийн ололт амжилт, алдаа мадгаа үнэнч шударгаар, хөгжүүн ухаалгаар, өөрийн үгээр, өөрийн бодлоор хүүрнэн, туулсан амьдралаа ний нуугүй өгүүлжээ.
ЭДГЭРЭЛ
|яруу
найраг|
Хэрэв уншигч таны ээж, хань эсвэл охин чинь яруу
найрагт хайртай бол “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч
Б.Баясгалангийн “Эдгэрэл” шүлгийн түүврийг санал болгож байна.
“Халгаж халгаж барьж шүлгийн
дэвтрээр дүүрэн
Хайрлаж хайрлаж тавиад явуулсан шүтээн хүмүүс
хөглөрнө.
Ургаж ургаж унаад л өгсөн навчсын найранд
согтоод
Амьдарч амьдарч гэнэтхэн уйдсан сэтгэл уймарч
зогсоно”.
Хайрлачхаад тавиад явуулсан хүмүүсийн тухай бодлоо халгалгүй шүүрч аваад бичих нь яруу найраг юм болов уу? Ургаж, ургачхаад унаад л өгдөг навчис, уйлж дуулж аж төрснөө орхиод одчихдог хайрласан хүмүүстэй адилхан байдаг уу? Яг л тэр үед хэдийн амьдраад дуусчихсан мэт санагдаж навчис унах намраар л уйдсан сэтгэл төрөхөд уймарч зогсоо хэн нэгэнтэй би тааралдаж байл уу?Мөр бүхэндээ уйтан өдрүүдийн дараа ялж гарсан хүний эрмэг чанарыг агуулсан ч тэр нь болгонд гунигтай асуулт шингээсэн ийм шүлэгтэй өмнө нь учирч бил үү?
Асуултын хариултыг харин “Эдгэрэл” түүврийг уншиж,
өөрийнхөө мэдрэмжээс олж аваарай.
БҮСГҮЙ МИНЬ НҮҮРЭЭ УГАА
|хувь хүний хөгжил|
Танаас
бусад нь амьдрах учраа олчихсон мэт санагдаж байсан удаа бий юу? Хэрвээ тийм
бол Рейчел Холлисын зүгээс танд хэлэх нэг зүйл байна. Тэр худлаа. Энэхүү
гайхалтай, шинэ номдоо тэрээр биднийг аз жаргалтай, бас үр бүтээлтэй амьдрахад
саад болдог төдийгүй, бид байнга давтсаар байгаад бүр дөжирсөн хорин худал үг
буюу төөрөгдлийг илчилжээ. Товчхондоо энэхүү бүтээл нь хөдөлшгүй итгэл
найдвартайгаар бас нугаршгүй тууштайгаар хүсэл тэмүүлэл дүүрэн, хэзээ ч бууж
өгөлгүйгээр аз жаргалтай амьдрах ухааныг танд зааж өгөх болно.
A YEAR TO REMEMBER
|өөртөө туслах|
Уг
ном нь 52 тусдаа сэдэвт богино нийтлэлээс бүтнэ. Зохиолч Н.Хулан өөрийн биеэр
нэг жилийн турш буюу 52 долоо хоног шинэ зүйлс суралцаж бичсэн тэмдэглэлийн
түүвэр юм. Долоо хоног бүрийн сэдвүүд өвөрмөц онцлогтой бөгөөд ихэвчлэн хувь
хүний хөгжил, эрүүл амьдрал, сэтгэл зүйн тогтвортой байдалд хүргэх хорт
зуршлаасаа салах гэх мэт олон өнцөгт зөв хэвшлүүдийг таниулсан байна.
Эхний ээлжинд эмэгтэйчүүддээ заавал уншаарай гэж зөвлөмөөр байна. Хүнд өдөр бүр, долоо хоног бүр тэр болгон шинэ зүйл турших боломж гардаггүй ч тэдний өмнөөс хэн нэгэн өөрийнхөө бүтэн жилийг зориулж бэлдээд, өмнөөс нь туршаад өгчихсөн байна. Тиймээс одоо сонголтоо хийгээд өөрийнхөөрөө мэдрэх л үлдлээ.