Орхон аймаг Тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгээ баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-07 16:04:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар “Орхон аймгийн Ногоон, Тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2025” бодлогын баримт бичгийг баталлаа. 

Уг бодлогын баримт бичгийг боловсруулахдаа “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө 2030” болон бусад холбогдох хууль, тогтоомжийг үндэслэсэн гэж аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэллээ.

“Тогтвортой, ногоон хөгжлийн бодлого 2025”-ын алсын хараа нь “Ээлтэй хөгжил-Эрдэнэтээс”, эрхэм зорилгоо “Эрүүл, оюунлаг иргэнтэй, цэвэр, аюулгүй орчинтой, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн, тогтвортой засаглалтай, ногоон хот” болно хэмээн тодорхойлсон байна.  Үүний хүрээнд “Нийгмийн тогтвортой хөгжил”, “Эдийн засгийн тогтвортой хөгжил”, “Байгаль орчны тогтвортой хөгжил”, “Засаглалын тогтвортой хөгжил”–ийг хангах зорилт дэвшүүлж 2019-2022, 2023-2025 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.

Дээрх бодлогын баримт бичгийг боловсруулахдаа, Орхон аймгийн 2008-2016 оны нийгэм, эдийн засаг, байгаль орчны төлөв байдлын судалгааг үндэслэжээ. Мөн БОАЖЯ, НҮБ-ын мэргэжилтнүүд зөвлөн тусалж Орхон аймгийн онцлог, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг эрэмбэлж түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байна. 

Холбоотой мэдээ