Булган суманд 350 гаруй малчин эмэгтэй чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Булган сумын 350 гаруй малчин эмэгтэй хоёр өдрийн турш чууллаа.
Чуулганы эхний өдөр малчин эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамарч, дотор, эхо, эмэгтэйчүүд гэсэн 3 төрлөөр үзлэг шинжилгээ хийлгэсэн байна. Мөн шатар, даам, гар бөмбөгийн тэмцээн, Авьяаслаг малчин уралдаан зэрэг үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, малчин эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж, арга туршлагын талаар санал солилцлоо.
Түүнчлэн малчин эмэгтэйчүүдэд зориулан нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, цаг агаар болон бэлчээрийн мэдээллийг хүлээн авах арга туршлагын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.
Мөн Хувь хүний хөгжлийн институтийн захирал М.Алтанцэцэг эмэгтэй хүний үнэ цэн, зорилготой, утга учиртай амьдралын тухай сонирхолтой лекц уншсан юм. Харин “Хатан заяа” эмэгтэйчүүдийн зөвлөлөөс нийгэмд малчин эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, уриалга гаргасан байна.
Булган сумын 980 малчин өрхтэй бөгөөд нийт хүн амын 51.2 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.