Дадал нутгийн уртай хүү

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-08 09:38:22

Хэнтий /МОНЦАМЭ/ Хүсэл тэмүүллээ олж, сонирхлоо мэддэг байх нь аз жаргалтай, эрүүл амьдралын түлхүүр болдог. Амьдралыг утга учиртай, сонирхолтой болгодог өч төчнөөн зүйл байдгийн нэг нь хобби юм. Дадал нутгийн уртай хүү Бөхболдын Тэнгисийн "Хобби”-той та бүхнийг танилцуулж байна.

Дадал сумын ЕБС-ийн 11а ангид суралцдаг Б.Тэнгисийн хувьд аав Д.Бөхболд, ээж Ц.Уянга, эмээ Н.Нансалмаагийнхаа хамт амьдардаг. Аав ээж, эмээ нь юм юм оролддог гарын ур дүйтэй хүмүүс байдаг бөгөөд Тэнгис энэхүү ур ухааныг өвлөн төрсөн гэж хэлж болно. Түүний эмээ Н.Нансалмаа Соёлын ордон, Сүлжмэлийн үйлдвэрт оёдлын багшаар ажилладаг. Тийм ч учраас Тэнгист оёдол, эсгүүр, гар урлал хийхийг багаас нь зааж сургажээ.

Тэнгис үйл урлах, зурах, хайчилбар хийхээс гадна үйс мод ашиглан төрөл бүрийн бэлэг дурсгал хийдэг. Хамгийн сонирхолтой нь тэр эмэгтэй хүн бүрийн урлаад байж чаддаггүй торгон утсан урлал, хумсны маникюрийг тун чадамгай хийдэг. Эдгээрийг өөрийн хүсэл сонирхлоороо хийж сурчээ. Тиймдээ ч өөрийн хоббигоо хөгжүүлж, чөлөөт цагаараа сумынхаа эмэгтэйчүүдэд маникюрийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн торгон утсан урлалаар хийсэн ээмэг, зүүлт гээд гоёлууд нь охид эмэгтэйчүүдийг чимсээр байна. Тэрбээр бүтээлийнхээ санааг ихэвчлэн өөрөө зохиох юм уу интернэт ашиглан олж, өөрийнхөөрөө баяжуулан хийх дуртай ажээ.   

Тэнгисийн 2018 оны амжилтаас дурдвал, аймгиин Техник технологийн 53-р олимпиадаас зураг зүйн төрлөөр хүрэл медаль, Монголын Сурагчдын холбооны “Авъяаслаг сурагч” алтан медалийг тус тус хүртээд байна.  

Ийнхүү хоббигоо утгаар нь хөгжүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж яваа авъяаслаг хүү Тэнгис үеийнхээ хүүхдүүдэд зөв хандлага, эерэг дадлыг түгээж яваа тэргүүний сурагч юм. 

Холбоотой мэдээ