Энэ сарын 11-нд Бүх нийтийн марафон гүйлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-08 23:33:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын нэрэмжит бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 11-ний өдрийн 10.00 цагт болохоор товлогджээ.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах марафон гүйлтэд аймгийн төвийн бүх төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, багийн иргэд оролцох юм. Ингэхдээ байгууллага, ААН-үүд нийт ажиллагсдын 20 хувиас доошгүй бүрэлдэхүүнийг оролцуулах аж.

Иргэдэд Батлан хамгаалах хууль тогтоомж, үйл ажиллагаа, Зэвсэгт хүчнийг сурталчлах, иргэдэд бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох зорилгоор тус марафон гүйлтийг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа юм. Марафон гүйлтийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулна.

Зөвхөн насанд хүрэгчид оролцох тус марафон гүйлтийн туулах зай таван километр байх ба тамирчид Баганат талбайгаас гарч, Хонгор хотхон - Баруун бүс худалдааны төв – Онцгой байдлын газар – БТСГ-ын уулзвар гэсэн маршрутаар явж Баганат талбайд барианд орох аж.

Сонирхуулахад, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг байгууллагуудын оролцогчид, эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар эхний гурван байрыг тус тус шалгаруулж шагнах юм байна.

Холбоотой мэдээ