Төв аймгийн музейд XYII –XYIII зууны үед холбогдох зээгт наамал хадгалагдаж байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-03-15 17:09:31

Төв /МОНЦАМЭ/. “Төв аймгийн музей” жилдээ 18000 орчим үзэгчид соёлын өвөө дэлгэн үзүүлж байна. Музейн сан хөмрөг 5000 гаруй үзмэртэй бөгөөд тэдгээрийн 8.8% урлаг, уран сайхны, 46.7% түүхийн, 12.1% угсаатны зүйн, 19.7% шашин шүтлэгийн, 3.1% археологийн дурсгал, 9.3% байгалийн дурсгалууд эзэлдэг аж. 


Төв аймгийн музей нь аймгийн Бага хурлын Тэргүүлэгчдийн даргын 1951 оны шийдвэрээр Орон нутаг судлах кабинет нэртэй байгуулагдсан аж
Тус кабинетыг БНМАУ-ын Соёлын Яамны Сайдын тушаалаар 1966 онд Орон нутаг судлах музей болгон өөрчлөн зохион байгуулж1991 оноос “Төв аймгийн музей” болж үйл ажиллагаагаа өргөтгөжээ. Төв музей нь байгалийн 2, түүхийн 4 болон түр үзэсгэлэнгийн нийт долоон танхимтай. Музейн байгалийн танхимд Төв аймгийн нутаг дэвсгэр дэх геологи эрдэс баялаг, гоёл чимэглэлийн чулуу зэрэг олон төрлийн ашигт малтмалуудын дээжис, одоогоос 30-130 сая жилийн өмнө амьдарч байсан хирсний толгойн болон хавирганы яс, үлэг гүрвэлийн өндөг, дэлхийд ховордон “Улаан ном”-д бичигдсэн дархан цаазтай амьтан “Тахийн унага”-ны чихмэл, араатан амьтан, жигүүртэн шувууд, “Гүнжийн сүм”-ийн макет,  “Есөн эрүү шүүлт”-ийн 60 жингийн гинж гэх мэт үзмэрүүдийг дэлгэн тавьсан байна. Түүнчлэн Төв аймгаас төрсөн соёл, урлаг, спорт, төр нийгмийн зүтгэлтнүүдийн гавъяа шагнал, түүхийг өгүүлэх үзмэр бий.

Тус музейн үзмэрүүд дотор айргийн 7 л багтаамжтай шанага, Хүннүгийн үед хийгдсэн “Ваар”, XIX зууны үеийн “Ганзай” торгон зээгт наамал зэрэг олон сонирхолтой  үзмэрүүд хадгалагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 227 дугаар тогтоолоор тус музейн “Өндөр гэгээний чогсом” зэс хөөмөл, алт шармал бүтээлийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлээр баталжээ. Уг бүтээлийн төв хэсэгт Өндөр гэгээнийг голлуулан дарнатын хувилгаад, Монголын найман Богд Жавзандамбын хувилгаадыг хагас ингэмэлээр товойлгон цутгажээ.

Дэлхийн шим мандлын нөөц газар, Монголын дархан цаазат Богд хан уулын өвөрт 200 гаруй жил оршин тогтносон Манзушир хийдийн туурийг түшиглэн, Зуунмодны аманд 1973 онд “Байгалийн музей”, 1992 онд “Шашины музей”-г тус тус байгуулсан байна. Тус музейд байгаа ховор үзмэрээс сонирхуулъя.


Өндөр гэгээний чогсом


Уг бүтээлийн  өндөр нь 24.9см, урт нь 21.2см, зузаан нь 2см, жин нь 3250 гр, зэс хөөмөл, алт шармал, XХ зууны эхэн үед  өндөр гэгээн Занабазарын шавь нар бүтээсэн.

Хэрлэнгийн хөгшин хүрээнд шавилан сууж байсан Мэдэрийн Даваа гэгч лам шүтэж хадгалж байсныг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 227 дугаар тогтоолоор Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэн авчээ. 



Ганзай (зээгт наамал)


XYII –XYIII зууны үед хамаарах ганзай нь догшид сахиусын лагшингаас бусад бүх дүрслэгдэх ёстой дүрслэлүүдийг багтаан харуулж, тэдгээрийн хажуугаар шашны зан үйлийн бэлгэдэлтахил зэргийг багтаан харуулдаг аж. Ганзайг өнгө өнгийн торго дурдангаар нааж, торгон утсаар зүү ороож, зээгт наамлын аргаар бүтээсэн Хүрээний урчуудын бүтээл гэнэ. 1958 онд музейн үзмэрт авсан байна.


Зоос


МЭӨ 3000-МЭ 300 жилийн өмөх Хүрлийн үед хамаарах хүрэл цутгамал зоос. Зоосны диаметр нь 6 см, дундах нүхний диаметр нь 1,5 см, хавтгай дугуй хэлбэрийн хүрэл дээр тойруулан 12 жилийн амтны дүрсийг тус бүрт нь дугуй хүрээнд оруулж дүрсэлсэн бөгөөд зоосны нөгөө талд 1 см урттай 0,6 см өргөн хэмжээтэй ханз үсэгтэй бусад хэсгээрээ цэцгэн хээ бүхий дүрстэй. 1968 онд музейн үзмэрт авсан байна.


XVIII-XIX зууны үеийн гуулин сэнж, 4-н гуулин бүслүүртэй, бүслүүр бүрийн дунд гуулиар тус бүр 8 ширхэг хээг хөөмөлдөн хийж гагнасан, хамгийн дээд талд нь Хан төрийн 7 эрдэнийг, доор нь шашны дуун эгшгийг 4 бэлгэдэлтэй хамтатган 8 болгон, дунд хэсэгт нь 8 тахил, доод талд нь самар, жимс, дун, цэцэг зэрэг 8 төрлийн хөөмлөөр чимэглэсэн, бариулын суурийг цэцэг маягаар шармалдан хийж, 2 гуулин сэнжнээс 3,5 см голчтой 4 мм зузаан гуулин гогцоог тус бүр хийж 2, 2 гуулин гархи хийсэн. Таганд хаан бугуйвч, хатан сүйх, зоосны хээг хосоор цоолбордож, тагны бариулыг цэцэг хэлбэрээр хөөмөлдөж хийжээ. Өндөр нь 40,5 см, амсрын голч нь 32 см ёроолын голч нь 35 см, жин нь 7830 гр, 1991 онд музейн үзмэрт авсан байна.

 

Холбоотой мэдээ