ТӨВ: Сүргийн үүлдрийг тодорхойлохоор 49 мянган толгой үхрийг ээмэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Үхэр сүрэгт үзлэг ангилалт хийж, үүлдрийг тодорхойлохоор аймгийн 13 сумын 49396 толгой үхрийг ээмэгжүүлэн бүртгэнэ. Тус ажлыг гүйцэтгүүлэхээр Мал үржүүлэг, технологийн нэгжүүдтэй Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өнөөдөр гэрээ байгууллаа.
Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн: 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд цөм сүргээ бүртгээд, хээлтүүлэгч, гойд ашиг шимтээ ялгаж авах ажлыг зохион байгуулна. Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, бүтээмж өндөртэй, тогтвортой эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжүүлэх зорилтыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгасан.
Энэхүү зорилтын хүрээнд үхэр сүрэгт үзлэг ангилалт хийж, үүлдэрлэг байдлыг тодорхойлон бүртгэл мэдээлэлд хамруулах, цаашид ашиг шимийн чиглэлээр нь төрөлжүүлэн хөгжүүлэх, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор уг ажлыг хийж байна гэв.
Аймгийн хэмжээнд энэ оны байдлаар 4 сая 500 мянган мал тоолуулснаас адуу 400 мянга гаруй, үхэр 356 мянга, тэмээ 3 мянга, хонь 2 сая, ямаа 1 сая 200 гаруй байна.