БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-03-14 12:51:00

СӨҮЛ. /Yonhap/. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тухай хуулийн төслүүдийг БНСУ-ын парламент лхагва гарагт баталсан байна.


БНСУ-д нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа аж. Засгийн газар одоогийн нөхцөл байдлыг “нийгмийн гамшиг” хэмээн нэрлэжээ.


Одоогийн ноцтой нөхцөл байдалд нөөцийн тусгай санг ашиглахыг дээрх баримт бичгүүдэд тусгасан бөгөөд 2.6 тэрбум гаруй ам.долларыг зориулахаар төсөвлөсөн байна.


Лхагва гарагт баталсан шинэ арга хэмжээнүүдэд сургуулийн анги танхимуудад агаар цэвэршүүлэгч суурилуулах зэрэг багтах ажээ. Нарийн ширхэглэгт тоосонцорын бохирдол нь Засгийн газрын шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм.


Сүүлийн үед агаарын бохирдол эрүүл мэндэд нь хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг БНСУ-ын иргэд ноцтойгоор авч үзэх болсон байна.


Агаарын бохирдлын гол шалтгаан нь тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа болон нүүрсээр галладаг цахилгаан станцуудтай холбоотой хэдий ч БНХАУ-ын агаарын бохирдол ч мөн нөлөөлж байгаа гэж өмнөд солонгосчууд үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ