Умард солонгосчууд Вьетнамын хөгжлөөс юу суралцаж болох вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-03-14 13:16:29

Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 27-нд болсон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалтын үеэр Вьетнамын туршлагад тулгуурлан БНАСАУ-д эдийн засгийн шинэчлэл хийх боломжийн талаар хөндөн ярилцжээ. 


Харин энэ оны 2 дугаар сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа Вьетнамд албан ёсны айлчлал хийсэн Ким Жөн Ун төлөвлөгөөт эдийн засаг бүхий ядуу буурай орон байснаа өдгөө Зүүн-Өмнөд Ази дахь үйлдвэрлэлийн хүчирхэг төв болон хувираад буй Вьетнамын ололт амжилтыг нүдээрээ үзэж танилцлаа. Тэрбээр хамгийн сүүлд 1964 онд Ханойд айлчилж байсан өөрийн өвөг эцэг Ким Ир Сений дараа Вьетнамд зочилсон БНАСАУ-ын хоёрдахь удирдагч юм. Умард Солонгос бол Вьетнамын сайн анд нөхөр байсаар ирсэн ба хоёулаа социалист орон. Ийм учраас Вьетнамын өөрчлөлт шинэчлэлтийн туршлагаас умард солонгосчуудад  суралцах зүйл их бий гэдэг нь тодорхой.


Ким Ир Сен, Хо-Ши-Мин нар 1964 он 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/ одоогоос 30 жилийн өмнө түүхэн алхам хийж, Дой Мой гэдэг шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд шилжсэн байна. 1986 оны статистик мэдээллээр, хүн амынх нь 60-70 хувь нь ядуу зүдүү амьдарч байсан бол өнөөдөр энэ тоо 10 хувь болж буурчээ. Вьетнам улс буурай хөгжилтэй орнуудын жагсаалтаас хасагдаж, дундаж орлоготой улс гэж /lowermiddle/ тооцогдох болов. 1990-2012 оны хооронд тус улсын эдийн засаг жилд дунджаар 7 хувиар өсч байсан бол 2012 оноос дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсны улмаас 6 хувь болж буурсан байна. Гэхдээ энэ бол бүс нутгийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өндөр тоо бөгөөд бүхэл бүхэн 30 гаруй жилийн хугацаанд эдийн засгаа жилд 6-гаас дээш хувиар өсгөж чадна гэдэг бол үнэхээр гайхалтай амжилт. Дашрамд дурдахад, 2016 онд болсон Вьетнамын Коммунист намын 12 дугаар их хурлаас нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг 3300 долларт хүргэж, эдийн засгийн өсөлтийг 6,5-7 хувьд хадгалах том зорилтыг дэвшүүлсэн байна.


Хятадад хэрэгжүүлсэн Дэн Сяопиний шинэчлэлийн бодлоготой олон талаараа төстэй Дой Мой шинэчлэл нь Вьетнамын Коммунист намын хатуу хяналтын дор зах зээлийн эдийн засгийг бий болгоход чиглэжээ. Эрх баригчид хамтралуудыг тарааж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг хянаж байсныг цуцалж, газар эзэмших боломжийг тариачдад олголоо. Түүнээс гадна, олон компанийг хувьчилж, гадаадын хөрөнгө оруулалтын талаарх зохицуулалтыг зөөлрүүлж, хувийн бизнес эрхлэхэд таатай нөхцлийг бий болгон, экспортын бүсүүдийг байгуулж, хөдөлмөрийн багтаамж ихтэй аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлж эхлэв.

Олон улстай хэл амаа ололцож, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулсныхаа дараа БНАСАУ нь Вьетнамын эдийн засгийн шинэчлэлийн туршлагыг судлан хэрэглэж, улс орноо хүнд байдлаас гарган, хөгжил цэцэглэлтийн замд орох боломж бий. Ийм дүгнэлтийг Өмнөд Солонгосын шинжээч Ли Жөн Ва “Project Syndicate” сонинд нийтэлсэн өгүүлэлдээ хийжээ.


Дэлхий дээрх хамгийн тусгаарлагдсан улс болохын хувьд БНАСАУ үнэхээр ийм шинэчлэлийг хийхээр шийдсэн тохиолдолд нэлээд их саад бэрхшээлтэй тулгарах болно. Тус улсын төлөвлөгөөт эдийн засаг аль хэдийнэ зогсонги байдалд оржээ. Өмнөд Солонгосын Төв банкны тооцоолсноор, сүүлийн 10 жилийн хугацаанд БНАСАУ-ын эдийн засгийн дундаж өсөлт жилд 1 хувьтай байсан бол нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дөнгөж 1300 доллар байв. Олон улсын хориг арга хэмжээ нь эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг улам ч дордууллаа. 2017 онд ДНБ 3,5 хувиар буурсан бол экспортын хэмжээ даруй 37 хувиар унаж, дөнгөж 1,77 тэрбум доллар болов.  

Гэсэн хэдий ч зах зээлийн шинэчлэлийг өргөн хүрээтэй хийснээр гадаадын хөрөнгө оруулалт, шинэ технологийг татах тул Вьетнамын эдийн засгийн “гайхамшгийг” бодитоор давтах боломж бий. Умард Солонгос бол харьцангуй сайн гэж болохоор эдийн засгийн бааз суурьтай улс билээ. Боловсролтой ажиллах хүчин, байгалийн асар их баялгаас гадна далайн боомтууд зэрэг газарзүйн хувьд давуу талууд бий. Вьетнам маягийн шинэчлэлийг амжилттай хийсэн тохиолдолд Умард Солонгосын ДНБ нь хоёр оронтой тоогоор өсч, нэг хүнд ногдох орлого 30 жилийн дараа 10 мянган долларт хүрэх боломжтой. Худалдаа, шууд хөрөнгө оруулалтын салбарт Өмнөд Солонгостой харилцаагаа хэвийн болгосон тохиолдолд ДНБ-ий жилийн өсөлт нь даруй 3 хувиар нэмэгдэх боломж бий.


Хамтын удирдлагын зарчим давамгайлсан Вьетнамаас ялгаатай нь гэвэл, БНАСАУ-д бүхий л чухал шийдвэрийг дангаар захирагч ганцхан хүн л гаргадаг. Гэхдээ энэ нь эдийн засгийн шинэчлэл хийх боломжгүй гэсэн үг биш ээ. Хэрвээ Умард Солонгос улс Вьетнамын замаар замнахыг үнэхээр хүсч байгаа бол өргөн хүрээтэй хувьчлал, эдийн засгийг либералчлах үйл ажиллагааг явуулах үед тус улсад улс төр, эдийн засгийн тогтвортой байдал нэн чухал гэж шинжээч Ли Жөн Ва бичсэн байна.


Вьетнамын эдийн засгийн хөгжлийн загвараас умард солонгосчууд чухам юуг нь суралцаж болох вэ гэдэг талаар Би-Би-Си агентлаг хэд хэдэн шинжээчдээс асууж лавласныг толилуулъя. 


Солонгосын Хөгжлийн банкны эдийн засагч Ён Хи Ким: Дой Мой гэдэг шинэчлэлийн хөтөлбөрийнхөө хүрээнд вьетнамчууд 1979, 1986 онд нэвтрүүлж байсан зах зээлийн эдийн засгийн зарим элементүүдийг Умард Солонгост аль хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихжээ. Одоо умард солонгосчуудад санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа ба АНУ ийм тусламж үзүүлэхийг зөвшөөрөх хэрэгтэй байгаа юм. Тухайн үед Вьетнам улс АНУ-тай харилцаагаа хэвийн болгосныхоо дараа олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж авч байсан. 


Ханой дахь Би-Би-Си агентлагийн салбарын редактор Гьян Нгуен: Вьетнамын хөдөө аж ахуйн салбар нь Францын колончлолын үеэс л маш сайн бүтэц зохион байгуулалттай байсныг дурдах нь зүйтэй. Колончлолын үед Меконг мөрний хөндий нь Энэтхэг-Хятадын хойгийн хувьд цагаан будааны өлгий нутаг байсан. Түүнээс гадна, Дой Мой шинэчлэл эхлэх үед Вьетнамын хүн ам 65 сая байсан нь хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчин хангалттай байжээ гэсэн үг.


1970 оны сүүлчээр Вьетнамын засгийн газар цагаан будааны зах зээлийг чөлөөлөх замаар хуучин хамтралын аж ахуйнуудын асуудлыг шийдсэн. Америк-Вьетнамын дайны дараа улс ардын аж ахуй сүйрсэн байсан ч гэсэн Умард Солонгосоос ялгаатай нь гэвэл Вьетнамд хүнсний хомсдол, өлсгөлөнгийн асуудал огт нүүрлэж байгаагүй юм. Хүнсний асуудал нэгэнт шийдэгдсэн учраас өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, оёдол, хөнгөн үйлдвэрийн салбаруудаа хөгжүүлэхэд бэрхшээл бага байлаа. 

Дой Мой шинэчлэл эхлэх үед 


Сөүл дэх Сэжоны хүрээлэнгийн судлаач Ун Чүл Ян: Шинэчлэлийн нэг гол чиглэл бол хөдөө ахуйн салбараас нэлээд хамааралтай байгаа Умард Солонгосын аж үйлдвэрийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх явдал. Одоогийн байдлаар хүн амын 22 хувь нь хөдөө аж ахуйд ажиллаж байгаа бөгөөд энэ тоог цөөрүүлж, илүүдэл ажиллах хүчнийг хөнгөн үйлдвэрийн салбар руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.


Америкийн эдийн засагч, доктор Фам До Чи: Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд шилжих эхний үед Вьетнамын засгийн газартай хамтран ажиллаж байсны хүний хувьд хэлэхэд, умард солонгосчууд эдийн засгаа нээлттэй болгох замаар шинэчлэлийг шат дараатайгаар хийх хэрэгтэй байна.


Умард Солонгосын эрх баригчдын хувьд эн тэргүүнд хийх ёстой алхам бол өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний зах зээлийг чөлөөлөх явдал юм. Үүнийг вьетнамчууд бүр 1979 онд хийж эхэлсэн. Эхлээд зохицуулалтын арга хэмжээг зөөлрүүлж, дараа нь 1985-1986 онд төрийн зохицуулалтаас бүрмөсөн татгалзсан нь үйлдвэрлэл болон экспортод асар том дэмжлэг болсон. Энэ бол Вьетнамаас суралцаж болох хамгийн үнэ цэнэтэй туршлага юм.


Умард солонгосчуудын хийх ёстой дараагийн алхам бол хөдөө орон нутаг дахь хамтралын аж ахуйнуудыг тарааж, муж, бүс нутгуудын хооронд бараа солилцоог чөлөөтэй болгох. 1970-80 оны үед Вьетнамын фермерүүд одоогийн умард солонгосчуудын нэгэн адилаар хүнсний бүтээгдэхүүнээ өөр мужуудад зарж борлуулах боломжгүй байжээ. Өргөн хэрэглээний барааны зах зээлийг тэлснээр дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, ингэснээр хүмүүс ажил хийх урам зоригтой болох ба цаашдаа экспортыг нэмэгдүүлснээр нэн хэрэгцээт барааг импортлох боломж нээгдэнэ. Умард солонгосчууд хэдэн арван жилийн туршид ядуу амьдарч, хүнсний хомсдолд орж, тэр ч байтугай өлсгөлөнд нэрвэгдэж байсан гэдгийг санах хэрэгтэй. Тийм учраас өргөн хэрэглээний барааны зах зээлийг тэлэх нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам болно.


Вьетнамаас шинэчлэлийн туршлагаас санаа авах ёстой өөр нэгэн зүйлийг дурдая. Шинэчлэлийн эхний шатанд аж үйлдвэрийн салбарт том корпорациуд байгуулахаас татгалзах нь зүйтэй. 2006-2007 оны үед Вьетнамын эрх баригчид Өмнөд Солонгосын аварга том корпорациуд зах зээлд амжилттай ажиллаж буйг харангуутаа тэднийг дууриан хөлөг онгоц, гангийн үйлдвэрлэлд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж байв. Гэвч дэлхийн зах зээлийн бүтцийн талаарх мэдлэг дулимаг, туршлага муутай байсны улмаас Vinalines далайн тээврийн компани, Vinashin хөлөг онгоцны үйлдвэр дампуурч байсан гашуун туршлага бий.

Шинэчлэлийн дараа 


Төлөвлөлтийн хатуу бодлогоос татгалзаж, хүн амыг хүнсээр хангах асуудлыг шийдсэнийхээ дараа Умард Солонгос бүтцийн өөрчлөлт, мөнгө зээлийн бодлогын асуудалд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Үүний тулд үр ашигтай ажиллаж чадах Төв банкийг байгуулж, хөл дээрээ дөнгөж тогтож буй зах зээлийн эдийн засгийн механизм бүрэлдэхэд тус дэм ёстой. 


Шинэчлэлийн эхний шатанд гадаадын банкуудтай хамтран үйлдвэрүүд байгуулах нь Өмнөд Солонгос, Хятад, Японоос орж ирэх их хэмжээний хөрөнгө оруулалтыг үр ашигтайгаар шингээхэд маш чухал. Харин Вьетнам улс энэ тал дээр муу ажилласны улмаас улсын үйлдвэрийн газрууд, банкуудад их хэмжээний өр хуримтлагдсан байдаг. Ийм алдаа гаргахаас Умард Солонгос зайлсхийх ёстой гэж вьетнам гаралтай Америкийн эдийн засагч, доктор Фам До Чи зөвлөж байна.


Гэхдээ Вьетнамын загвараар шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд БНАСАУ-ын хувьд юуны түрүүнд цөмийн зэвсгээс ангижрах тал дээр бодитой бөгөөд итгэлтэй алхмуудыг хийх хэрэгтэй. Энэ бол эдийн засгийн хоригийг зөөлрүүлэх зайлшгүй урьдчилсан нөхцөл мөн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилго бүхий “замын зураг”-ийг гаргаж, АНУ-тай харилцаагаа сайжруулж, улмаар олон улсын хоригийг цуцлуулсан тохиолдолд л дээрх шинэчлэл хэрэгжих боломжтой гэдгийг дээрх бүх шинжээч онцлон тэмдэглэж байлаа.

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: ввс.com, www.project-syndicate.org

Холбоотой мэдээ