ГУРАВДУГААР САРЫН УРЛАН

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-03-14 19:47:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


АЛИМНЫ МӨХЛӨГ


Орчин үеийн урлаг бидэнд бүхий л төрөл зүйлээр бүтээх боломжийг олгодог. Үзэгчид ч мөн уран бүтээлчдээс бүх төрөлд хамаатуулсан сайн бүтээл нэхдэг. Тэгвэл залуу уран бүтээлчдийн хамтарсан “Алимны мөхлөг” үзэсгэлэн нээгдсэн нь дээрх тодорхойлолтой таарч байв. Үзэгчид тус үзэсгэлэн харж, сонсож, гараараа тэмтэрч үзэж болно.


Үзэсгэлэнд Ж.Мөнхжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Алтантовч, Ж.Дархижав, У.Нарбаясгалан, Б.Азбаяр гэсэн зургаан уран бүтээлч оролцжээ. Уран зураг болон холимог техникийн аргаар амилуулсан уг үзэсгэлэн ертөнцийн жам ёс, хоосорч буй дотоод сэтгэлийн зөрчил, нийгмийн оюун санааны хил хязгаар дахь бүдгэрэл зэрэг олон зүйлийг үзэгчдэд мэдрүүлнэ. Мөнхүү уран зураг болон, орчин үеийн дэвшилтэт технологи, аудио зэргийг хослуулсан нь онцгой шийдэл болжээ. Тухайн нэг уран бүтээлчийн бүтээлээс нөгөө рүү шилжиж үзэх зам нь ч мөн хоорондоо нягт холбоотой мэдрэмжийг төрүүлж буйгаараа уг үзэсгэлэн онцгой юм.




Жишээ нь зураач Б.Азбаярын “Human буюу хүн хэмээх бүтээл нь ганцхан сэдэвт баригдаагүй нь харагдана. Мөнхүү нэг тийм эрчимлэг зураасан татлагууд монгол бичгийн аргуудыг санагдуулам хэлбэртэй. Салангид хавтан дээрх бүтээлүүд нэгдмэл бөгөөд тусад нь салгаж ойлгомгүй. Ерөөс хүн аливаа зүйлийн “тиг” байж болох ч сэтгэл доторх орших муу, сайн зүйлийг өөрөө хэрхэвч ялгаж чаддаггүй. Бид дэлхийн бүхий л амьтан, ургамал, газар шороо, байгалийн үзэгдэл зэргийг судалж цаашлаад глактикаас ч өчнөөн нууц хайж байна. Бид олон зүйлийг таньж олон нүдтэй болох тусам ариун нандин чанараа алдах буйг зургийн нэг цэгийн гэрэлтэй өнгө нөгөөрүү шилжихдээ хэрхэн бүдгэрч байгаагаас ажиж болно.


Зургаан уран бүтээлчийн бүтээл болгон ийм давхар утга санааг агуулж байна. Хэн ч өөрийн мэдрэмжээр утга санаанд хариулт хийж болно. Орчин үеийн урлаг энэ боломжийг бидэнд харамгүй олгодог гэдгийг “Алимны мөхлөг” үзэсгэлэн харууллаа.


МОНУМЕНТАЛЬ БА ОРЧИН ҮЕ


Нүүдэлчин түмний оюун санаа, ертөнцийг үзэх үзэлд бугын тухай ойлголт эрт үеэс төлөвшин бий болсныг орчин үеийн урлагаар дамжуулан олон талаас нь нээн харуулсан “Дээд үүд” үзэсгэлэн “MN 17” арт галерейд нээлтээ хийсэн билээ. Зураач, доктор П.Байгалийн тус үзэсгэлэнд 30 гаруй бүтээл дэлгэгдсэн нь бүгд бугын сэдэвтэй байв. Мөн үзэсгэлэнгийн үеэр хуучир хөгжмийн үүсэл, аялгуун тухай дэлгэрэнгүй лэкц уншиж, мэргэжлийн хөгжимчид тогтолт хийснээс гадна, яруу найрагчид шүлэгээ дуудсан нэн онцлогтой арга хэмжээ болсон юм.




Хуучир хөгжмийн эгшиг аялгуу нь зураачийн зурсан зургуудтай сэдэв агуулгын хувьд цогц нийлэмжтэй байв. “Монголчууд тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Сайн сайхан бүхнийг тэнгэртэй холбож ярьдаг. Тиймээс үзэсгэлэнгээ “Дээд үүд” хэмээн нэрийдсэн" хэмээн П.Байгаль зураач ярилаа.


Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдэд тал нутгийн энгэр цээжинд хадгалагдаж буй хадны зураг болон сүрлэг монументаль буган хөшөөн дэх дүрслэлүүдийг чадмагаар ашигласнаас гадна орчин үеийн урлагийн илэрхийлэл нягт чигжээстэй байлаа.




Басхүү энэхүү сонгож авсан сэдвүүд нь залуу хойч үед өв уламжлалаа хадгалан үлдэхийг сануулсан бөгөөд цаашид түгээн дэлгэрүүлэх, сургамжилан таниулахад гол алгуулга нь чиглэгдсэн байна. Бараан голдуу өнгийг дэвсгэр болгон ашиглаж тод өнгөөр биежүүлэн дүрсэлсэн бугын зургуудтай “Дээд үүд” үзэсгэлэн энэ сард амжиж зочлох урлангийн нэг мөн билээ.


ГОВЬ


Говь сайхан нутгийн үлгэр домгийн мэт тогтоцыг уран зурагт илэрхийлж нэгэн цогц болгосон үзэсгэлэн энэ сарын бас нэгэн гоёмсог урлан байв. МУСГЗ Ц.Нарангэрэл,  Ц.Энхжаргал нарын хамтарсан “GOBIPleian Air-2 хэмээх тус үзэсгэлэн нь Монголын урчуудын эвлэлийн галерейд нээгждээ.




Зураачид монгол орны говийн үзэсгэлэнт сайхан байгалиар аялан явахдаа тухайн газрын үзэсгэлэнт тогтоц, байгалийн өнгө төрхийг яг байгаа чигээр нь уран сайханжуулж буулгахаас гадна эртний түүх домогтой хольж бүтээсэн зургууд ч мөн ажиглагдана. Тэдгээр яг л өнгөрсөн онд дэлгэцнээ амилсан “Говийн домог” киног санагдуулах ажээ. Мөнхүү уран зураачийн таталбарт ажлуудтай огт төсгүй имперсионизм маягийн зургууд нүдэнд илүү тод тусах аж.


Хавар цагийн өнгийг санагдуулам зарим бүтээлүүдийг хананд жаазгүй өлгөсөн бол илүү гүн мэдрэмж төрүүлэх мэт... Тийм л сэтгэл бүлээцүүлэм өнгө төрхийг цогцлоосон уран зургийн үзэсгэлэнгүүд нээгдэж, урлангийн ханыг чимсээр л байна. Цаашид ч дүрслэх урлагийн шинэ цуваа тасрахгүй үргэлжилсээр байх нь лавтай.



 

Холбоотой мэдээ