Бага ангийн сурагчид “Таниулах өдөр”-т оролцжээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-03-15 15:52:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-ын хамт олон Монгол Улсын Засгын газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд Сайнцагаан сумын “Говийн ирээдүй цогцолбор сургууль”-ийн бага ангийн сурагчдад “Таниулах өдөр” үйл ажиллагааг зохион байгууллаа.

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригийн   16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио орон даяар дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гамшгаас хамгаалах энэхүү дадлага, сургуулилтад хамрах ёстой байдаг. 

Тиймээс “Таниулах өдөр”-өөр газар хөдлөлтийн гамшгийн үед ямар дохиогоор юу хийх, хэрхэн өөрийгөө хамгаалах талаар мэдлэг олгож, гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор орон даяар дадлага сургуулилт хийхэд хэрхэн оролцох тухай танилцуулжээ.

Мөн бага ангийн сурагчид ОБГ-ын үйл ажиллагаа, ажлын байр, машин техник хэрэгсэл, авран хамгаалах ажиллагааны онцлогтой танилцсан ажээ.

Говийн ирээдүй сургуулийн багш нар ОБГ-ын орчны тохижилт, эвсэг хамт олны бүтээлч үйл ажиллагаа хүүхдүүдийн сэтгэлийг маш их татсан гэдгийг онцлоод хамтран ажилласан тус байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн байна. 

Холбоотой мэдээ