Дулааны станц барих ажлын хэсэг Баянхонгорт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-18 21:28:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дулааны станцын ТЭЗҮ, зураг төсвийг эхний байдлаар боловсруулсан төслийн багийн төлөөлөл Баянхонгорт ажиллалаа. Төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ажлын хэсэг энэ өдөр орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцсон юм.

Олон улсын гэрээ конвенци, хоёр улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 10 аймагт Дулааны станц барих ажлыг Солонгосын Экзим банкны дэмжлэгтэйгээр барьж гүйцэтгэхээр болсон. Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр зэрэг нэр бүхий 10 аймагт тус хөтөлбөр хэрэгжих бөгөөд орон нутгийн онцлогт тохирсон зураглал, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ зэрэг ажлыг эхний байдлаар гаргаад байгаа аж.

Баянхонгор аймгийн хувьд Дулааны станц барих төслийн багтай бүх л талаар хамтран ажиллаж буй. Солонгосын талаас ирүүлсэн эхний зураглал нь хотын төв магистрал шугамыг хоёр урсгалтай замын дагуу төлөвлөсөн байна. Энэ нь зам талбай, ногоон байгууламж ихээр эвдэхийн зэрэгцээ дулаан дамжуулах төвийн 16 барилгыг дэвсгэр зурган дээр төлөвлөн явуулсан хэдий ч найм нь орж, бусад нь хасагдаж батлагдсан зэрэг учир дутагдалтай зураглал гэж орон нутгийн талаас үзэж төв магистрал шугамын трансыг өөрчлөх саналыг Эрчим хүчний яам болон төслийн гүйцэтгэгч талд тавилаа.

Баянхонгор аймаг нь Улаанбаатар хотоос дутахгүй агаарын бохирдолтой бөгөөд хүн амын эрүүл мэндийн асуудалд нэн сөргөөр нөлөөлж байгаа тухай аймгийн Засаг дарга Г.Батжаргал яриад, төслийн ажил удаашралтай явааг шүүмжилж энэ оны 10 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай байгааг уламжлав. Харин зураг төсөв эцсийн байдлаар батлагдаагүй, зарим хэсэгт шаардлагатай засвар оруулж болохыг төслийн баг хэлж байсан.

Эрчим хүчний яам энэ гуравдугаар сард багтаан зураг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлахаар ажиллаж байгаа бөгөөд зураг төсвийн гүйцэтгэгч сонгон шалгарсанаар төв магистрал шугамыг өөрчлөх боломжтой болохыг Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа мэдэгдлээ.

Тус төслийн нийт төсөвт өртөг нь 150 сая ам доллар бол Баянхонгор аймагт 16 сая ам доллар батлагджээ. Төсвийн хүрээнд Дулааны станцын барилга, дулаан дамжуулах найман төвийн барилга, 5683 метр шугамын ажлыг хийх юм байна.

Харин Монгол улсын талаас хариуцах ажил нь дулаан дамжуулах төвөөс айл өрх, албан байгууллага, нэгжрүү салбарласан 16 мянган метр шугамыг шинэчлэх ажил болоод байгаа юм. Аймгийн зүгээс ОНХС-ийн 100 сая төгрөгийн төсвийн хүрээнд зураг төсвийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийг зарлахаар зэхжээ. Тус ажлын зураг төсөв хийгдэж дууссанаар 2020-2021 онд ЭХЯ-ны хөрөнгө оруулалтаар Баянхонгор хотын инженерийн шугам сүлжээг 100 хувь шинэчлэх аж. 

Холбоотой мэдээ