Малын гоц халдварт өвчнийг илрүүлэхэд малчдын оролцоог нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-17 21:07:28
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Мерси кор” Олон Улсын байгууллага, долоон аймгийн Мал эмнэлгийн газар хамтран малын гоц халдварт өвчнийг илрүүлэхэд малчдын туршлага, мэдлэгийг ашиглах зорилгоор “Малчдын оролцоотойгоор тандан судлах арга” сургалт зохион байгууллаа.

Сургалтад Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн 20 гаруй малчин оролцсон юм. Уг сургалтаар хил дамнан орж ирж буй малын гоц халдварт өвчний үед малчдын мэдээлэл, ажиглалт, туршлагыг үндэслэн нэн даруй өвчний тархалтыг багасгах, бууруулах боломжтой бөгөөд малчид асуумж, судалгааг үнэн зөв бөглөх өөрсдийн таамаглаж буй таамаглал, мэдээллээ асуумжид хэрхэн тусгах талаар заалаа. Учир нь Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар аймагт хил дамнан малын гоц халдварт өвчин орж ирдэг бөгөөд энэ үеэр малчдын мэдээлэл шуурхай шийдвэр гаргахад онцгой байр суурийг эзэлдэг байна.

Иймд малчин, малын эмч, Мал эмнэлгийн газар хэрхэн хамтран ажиллах, мэдээллээ яаж нэгтгэх зэрэг арга барилд сургах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгаа ажээ. Мөн “Мерси кор” байгууллага нь дөрвөн мэргэжилтэнг сургагч багшаар бэлтгэхийн тулд гадаадад 10 хоногийн сургалтад хамруулсан байна. Дээрх багш нар долоо хоногийн турш 20 гаруй малчдад асуумж, судалгааны талаар сургалт хийх юм.

 

Холбоотой мэдээ