ОРХОН: Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан зарим гудамжийг нэрэмжит болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан болж байна.
Хуралдаанаар аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай, гудамж талбайд нэршил олгох тухай, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2026 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай, аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай болон сүм, хийдийн хугацаа сунгах тухай, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэх асуудлыг баталсан.
Аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэхээр төслийг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хуралдаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооноос гаргасан санал дүгнэлтээ танилцуулав.
Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд эрсдэлийн үнэлгээ, удирдлагын төлөвлөгөөг нэмж тусгах, байгаль орчны зорилтын үр дүнгийн үзүүлэлтийг тоон утгаар тодорхойлох, салбар хоорондын уялдаа холбоо, төслүүдийн хамаарлыг тодорхой болгох, эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хяналт-шинжилгээний үзүүлэлтийг боловсронгуй болгох, Төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөтгөх, чанаржуулах шаардлагатай гэж үзлээ.
Тиймээс төлөвлөгөөний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөөлөгчдийн олонхын саналаар дахин боловсруулах шаардлагатай гэж үзэн буцаалаа.
Мөн хуралдаанаар ирэх жил тохиох Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан зарим гудамжийг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын он жилүүдэд орон нутаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаар үр бүтээлтэй ажиллаж байсан эрхмүүдийн нэрэмжит болголоо.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-15 дугаар орон сууцны барилгын баруун хойд 4 замын уулзвараас Урт булаг багийн 5-19 дүгээр орон сууцны барилгын зүүн талын гурван замын уулзвар хүртэл 630 м урт гудамжийг Эрдэнэт хотын анхны даргаар ажиллаж байсан Самбуугийн Цэвээний нэрэмжит болголоо.
Мөн Зэст багийн 1-1 дүгээр орон сууцны барилгын баруун урд гурван замын уулзвараас 1-6 дугаар орон сууцны барилгын зүүн хойд гурван замын уулзвар хүртэл 615м урт гудамжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Монгол талын (анхны) нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Дондвоогийн Лхагвасүрэнгийн нэрэмжит болголоо.
Зэст багийн 1-32 дугаар орон сууцны барилгын баруун талын гурван замын уулзвараас 1-13 дугаар орон сууцны барилгын зүүн хойд гурван замын уулзвар хүртэл 236 м урт гудамжийг Эрдэнэт үйлдвэрийн 1, 2 дугаар ээлжийг барьж ашиглалтад оруулсан “Медьмолибденстрой” барилгын удирдах газрын даргаар томилогдон ирж, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байсан Анатолий Васильевич Чекашовийн гэж тус тус нэрлэлээ.