Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-03-18 14:08:57

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Нью-Йорк муж улсын сенатч Кирстен Гиллибранд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөхөөр болсон байна.


Өдгөө 52 настай К.Гиллибранд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн ням гарагт дүрс бичлэгээр дамжуулан илэрхийлсэн байна. Тэрбээр, "бидэнд том, зоримог, эрэлхэг шийдвэр гаргадаг удирдагч хэрэгтэй болохоос ахиц дэвшлээс айдаг нэгэн хэрэггүй" гэж хэлжээ.


Ардчилсан намын сунгаанд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа сенатч Элизабет Уоррен, Камала Харрис, 2016 онд Хиллари Клинтонтой өрсөлдсөн Берни Сандерс болон Конгрессын танхимын гишүүн асан Бето О'Рурк зэрэг 15 төлөөлөгч илэрхийлээд байгаа юм.


Ташрамд дурдахад, өнгөрсөн бямба гарагт дэд Ерөнхийлөгч асан Жо Байден өөрийн төрсөн нутаг болох Делавэр муж улсын Ардчилсан намын гишүүдэд хандан үг хэлэх үеэрээ ирэх оны сонгуульд Дональд Трамптай өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, хүн бүхэн өрсөлдөх боломжтой гэж нэмж хэлжээ. Үүнийг цугласан олон таатайгаар хүлээн авч, “нэрээ дэвшүүл Жо” хэмээн дэмжсэн байна. 

Холбоотой мэдээ