"Увсын хийморьлог эрчүүд" клуб байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-19 16:04:35

Увс /МОНЦАМЭ/. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд эрчүүдийн санал бодлыг сонсох зорилгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс өчигдөр хэлэлцүүлэг зохион явууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчид "Увсын хийморьлог эрчүүд" клубыг анх удаагаа байгуулж, тэргүүнээр нь аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Д.Содномыг сонголоо.

Клубын гишүүд цахим сүлжээнд групп үүсгэн эрчүүдийнхээ талаар санал бодлыг нь сонсох, Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтарч ажиллах, тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэгт анхаарал хандуулж ажиллана гэв. Мөн нийгэмд эрчүүдийнхээ оролцоо манлайллыг дээшлүүлэх, гэр бүл, бусдын сайн сайхны төлөөх ойлголт хандлагаа өөрчлөх зэрэг ажлыг зохион байгуулахаар боллоо.

Хэлэлцүүлэгт оролцсон эрчүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Н.Гансүх "Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд" сэдвээр сургалт явуулсан юм

Увс аймагт эрэгтэйчүүдийн эмч байхгүй тул клубын зүгээс энэ талаар анхаарч ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ