“Ангийн дарга нарын аймгийн зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-19 16:30:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт  “Ангийн дарга нарын аймгийн зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас 2019 онд Хүүхдийн хамгаалал үндэсний хөтөлбөрөөр дамжуулан томоохон зорилтууд дэвшүүлсэн байна. Тухайлбал орон нутгийн шийдвэр гаргах засаглалын түвшинд хүүхдийн оролцоог найман хувьд хүргэх бол хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг 75 хувьд, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг 95 хувьд хүргэх зорилт тавьжээ. Энэхүү зорилтынхоо хүрээнд цаашид төрийн бодлого шийдвэрт манлайлагч хүүхэд нэг бүрийн үүрэг оролцоо чухал хэмээн үзэж “Ангийн дарга нарын уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд аймгийн хэмжээний ЕБС-ийн сургуулиудын анги, бүлгийн дарга нар, олон шилдэг тэргүүний хүүхдүүд, анги хамт олноо төлөөлөн оролцсон байна. Эдгээр төлөөлөгч хүүхдүүд ах эгч, анд найз нарынхаа арга туршлагыг тэмдэглэл болгон хөтөлж байгаагаа ярьж байна. Тэд эндээс олж авсан мэдлэг мэдээллээ үеийнхэндээ дуулгаж, хамтдаа манлайлагч болохын төлөө хичээж суралцана хэмээн ярьж байв.

Ангийн дарга нарын зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн ЕБС, МСҮТ-үүдийн нийгмийн ажилтан, бүлгийн дарга нар, аймгийн ЕБ-ын 34 сургуулийн 5-12 дугаар ангийн 425 бүлгийн 10.0 мянга гаруй хүүхэд залуусын төлөөлөл болсон 300 гаруй хүүхэд хүрэлцэн ирж нэгэн дээвэр дор хамтдаа зөвлөлдлөө. Тус үйл ажиллагааг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, БСУГ, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын Сэлэнгэ салбар хамтран зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ