Зарлал мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-19 20:40:23
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ пүрэв гараг буюу гуравдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг ОБЕГ-аас зохион байгуулна.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Баянхонгор аймгийн тухайд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал гэдгийг албаныхан хэлж байна.
Газрын царцдасаас тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхай долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх процессыг газар хөдлөлт гэж нэрлэдэг байна. Газар хөдлөлтийг тойм байдлаар нь нэг хүртэлх баллыг сул, 1-7 баллыг хүчтэй, 8 балл ба түүнээс дээшхийг сүйтгэгч хөдлөл буюу их хүчтэй газар хөдлөлтөд тооцдог аж.
Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр буюу одоогоос 61 жилийн өмнө болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300 км хагарал үүсч байжээ. Монгол оронд болсон газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэйд тооцогдох тус газар хөдлөлтийн чичиргээ орон даяар мэдэгдсэн гэдэг. Хүн ам цөөн, тал нутаг байсан учраас хохирол харьцангуй бага гэх ч нарийн тоо мэдээлэл байдаггүй аж. Энэ газар хөдлөлтийн уршгаар мал хуй олноор хорогдож, найман хүний амь эрсэдсэн гэдгийг зарим эрдэмтний судалгааны ажилд дурдагдсан байдаг.
Холбоотой мэдээ