Онцгой байдлын газрын алба хаагчид 8 хүний амь насыг авран хамгаалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-20 11:52:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20-ны өдрийн 08 цаг хүртэл Дундговь аймгийн нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурлаа. Энэ үеэр аймгийн ОБГ-ын ажилтнууд 3 сумын нутагт 8 хүний амь насыг учирч болох аюулаас авран хамгаалжээ. 

ОБГ-ын 32 алба хаагч 10 техник хэрэгсэлтэйгээр дуудлага ирүүлсэн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай суманд ажиллаж, малынхаа араас яваад сураггүй болсон 2 хүн, машинтайгаа хээр суусан 6 хүнийг ийнхүү аварсан байна.

УЦУОШГ-ын мэдээлснээр 24 цагийн хугацаанд тус аймгийн Өндөршил сумын нутгаар 0,7 мм, Баянжаргалан, Сайнцагаан, Өлзийт сумын нутгаар 2,0-2,3 мм, Дэлгэрхангай, Гурвансайхан сумын нутгаар 5,0-8,0 мм, бусад сумын нутгаар 3,0-4,0 мм цас оржээ.

Ихэнх нутгаар 8-14 м/с салхитай байсан байна. Шөнөдөө нийт нутгаар 8-15 градус хүйтэн хонож, өдөртөө Сайхан-Овоо, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумын нутгаар 0-4 градус дулаан, бусад сумдын нутгаар 2-7 градус хүйтэн байсан хэмээн тус албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ