УИХ-ын 2020 оны сонгуулийн өнгийг 42 дугаар тойргийн нөхөн сонгууль тодорхойлно

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-03-20 16:31:23

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос  МАН-ын нэр дэвшигч  Д. Гантулга 46,8 хувийн санал авч гишүүнээр сонгогдсон юм. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүнээс чөлөөлүүлэх өргөдөл гаргаж, 2018 оны зургаадугаар сарын 14-нд УИХ түүнийг хүсэлтийг ёсоор болгосон билээ. УИХ-ын гишүүний ор гарсны дараа буюу мөн сарын 28-ны өдөр нөхөн сонгуулийн тов зарлах 62 дугаар тогтоолыг УИХ баталсан. Гэвч уг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Хэнтий аймгийн Баянхутаг сумын хоёрдугаар багийн иргэн С. Мөнхцэцэг Цэцэд өргөдөл гарсан юм. Цэц УИХ-ын 62 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж дүгнэлт гаргасан байдаг.

 

Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хуулийн зохицуулалтай. Энэ зохицуулалтыг  2018 он тэг дундаа орсон зургаадугаар сарын 14-нд ор гарч, мөн сарын  28-нд зарлагдсан нөхөн сонгуульд тухайн хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломж гараагүй. С. Мөнхцэцэг тэрхүү хуулийн хийдлийг засуулах үүднээс Цэцэд өргөдөл гаргасан биз.

 

Тэр үеэс Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан С. Мөнхцэцэг гэж хэн бэ гэсэн асуулт  гарч ирсэн гэж хэлж болно. С. Мөнхцэцэг нь 2016 оны орон нутгийн сонгуульд Баянхутаг сумандаа МАН-аас Хэнтий аймгийн ИТХ-д  нэр дэвшиж сонгогдсон, улмаар  тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн хэлтсийн даргаар томилогдсон гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж эхлсэн. Цэцийн дүнэлтийн дагуу  УИХ,  сонгуулийн хуульд “нөхөн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч сонгууль зарлагдсанаас хойш тав хоногийн дотор төрийн албанд томилсон  байгууллага, албан тушаалтанд ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргана. Харин нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх хугацаа эхэлхээс өмнө ажлаас чөлөөлөгдсөн байна” гэсэн утга бүхий нэмэлт оруулжээ.

 

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших С. Мөнхцэцэг болон бусад төрийн албан хаагч СЕХ-оос нөхөн сонгууль зарласан 2019 оны хоёрдугаар сарын 12-17-ны хооронд төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байх ёстой.  Төрийн албан хаагч С. Мөнхцэцэг Цэцийн дунд суудлын хуралдаанд " нөхөн сонгуульд нэр дэвшинэ" гэх утгатай үг хэлсэн байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэх үүднээс ажлаасаа  чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байгаа биз. Харин түүний ажлаас чөлөөлөгдөх хугацаа хараахан болоогүй (2019 оны тавдугаар сарын 24-өөс өмнө) байна. Түүний хувьд 2016 онд Хэнтий аймгийн ИТХ-д нэр дэвшин сонгогдсон МАН-аас нэр дэвших үү, бие дааж нэр дэвших үү гэсэн сонголтын өмнө зогсож байгаа болов уу.

 

С. Мөнхцэцэг өөртөө болон бусад төрийн албан хаачдад нөхөн сонгуулиар улс төрд хөл тавих боломж олголоо. Түүний бий болгосон энэ боломжийг хэдэн төрийн албан хаагч ашиглах нь одоогоор тодорхойгүй байна. Нөхөн сонгуульд орох улс төрийн нам (тавдугаар сарын 1 гэхэд)-ууд СЕХ хүсэлт гаргана. Улмаар тавдугаар сарын 24-28 хооронд нэр дэвшигчээ тодруулж материалыг нь СЕХ-д ирүүлнэ. Түүнээс хойш гурав хоног (зургаадугаар сарын -02)-ийн дараа бие даан нэр дэвшигчид тус хороон (тухайн тойргийн сонгогчдоос өөрийг нь дэмжсэн 801 хүний нэр РД гарын үсэгтэй)-д материалаа ирүүлнэ. СЕХ намууд, бие даан нэр дэвшигчийн материалыг судалж үзээд бүртэгсэн нэр дэвшигчдийг тогтоол гаргаж  зургаадугаар сарын 7 –нд нийтэд зарлана. Энэ мөчид нөхөн сонгуулийг ашиглаж С. Мөнхцэцэг болон хэдэн төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж нэр дэвшив гэдэг нь тодорхой болно. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд тус тойрогт МАН-ын нэр дэвшигч Д. Гантулга, Ардчилсан намаас Ж. Оюунбаатар (тухайн үед аймгийн Засаг дарга байсан), МАХН-аас Б. Одүү гэсэн гурван нэр дэвшигч  өрсөлдсөн юм билээ.    

 

СЕХ хэвлэлийн хурал хийж нөхөн сонгууль зарлахдаа Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 27 намд зөвлөмж хүргүүлсэн гэж хэлж байсан. Тэгээд ч ээлжит сонгууль (2020 оны зургаадугаар сарын сүүлийн ням гаригт) болоход ганцхан жил үлдсэн энэ мөчид намууд нэр дэвшигчээ, улс төрд орох гэсэн залуучууд  хүчээ үзэх нь ойлгомжтой. Ийм учраас нөхөн сонгуульд гурав биш, гучин нэр дэвшигч өрсөлдөх магадлал байгаа юм. СЕХ-оос нөхөн сонгууль зарласан 42 дугаар тойрогт 17 мянга 450 сонгогч санал өгнө гэж мэдэгдлээ. Харин тус тойрогт 2016 онд гурван нэр дэвшигчийн төлөө 21 хэсгийн хорооны автомат (хар) машинд 12 мянга 479 саналын хуудас уншигдсан юм байна. Нэр дэвшигч тус бүрээр авч үзвэл,Д. Гантулга таван мянга 841(МАН), Ж. Оюунбаатар таван мянга 426 (Ардчилсан нам), Б. Одхүү мянга 50 ( МАХН) санал авсан бөгөөд хэнийг ч дэмжээгүй, хүчинтэй 162 цагаан саналын хуудас гарчээ. Харин хүчингүй саналын хуудас гараагүй гэнэ.

 

Үндэсний аудитын газар нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоог харгалзан үзэж, нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг  тогтоох хуультай. Хуулийн хүрээнд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тус тойрогт 113,4 сая, нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ 96, 5 сая төгрөг гэж тус бүр тогтоожээ.

 

УИХ-ын ээлжит сонгууль, нөхөн сонгуулийн санал хураалтаас жилийн дараа болно. Ийм учраас улс төрийн хүрээнийхэн энэ удаагийн нөхөн сонгууль,  УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өнгийг тодорхойлно гэсэн таамаг дэвшүүлж байна.Тэр үнэн биз. Энэ өнцгөөс харвал нөхөн сонгуульд улс төрийн  намууд ретингээ  өсгөх үүднээс өндөр ач холбогдол өгөх бололтой.

Холбоотой мэдээ