Жилийн туршид хамгийн их дотоодын худалдан авалт хийсэн компанийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-21 14:12:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ажил олгогч эздийн холбооноос төрийн худалдан авалтыг орон нутаг руу чиглүүлэх зорилгоор орон нутгийн байгууллагуудын дунд “Увсад үйлдвэрлэв" аймгийн үйлдвэрлэгчдийг дэмжих уралдааныг жилийн хугацаатай зарлан явуулж байна. Увс аймгийн үйлдвэрлэгчид эдийн саван, ажлын гутал, хувцас, тавилга, хүнс гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд үүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Саяхан “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн хамт олон “Баруун загвар” компаниас ажилчдынхаа гутлыг авчээ. Энэчлэн орон нутгийн үйлдвэрлэгчид бие биенийгээ дэмжин ажиллах өргөн боломж байгаа ч аж ахуйн нэгж, байгууллагууд ихэвчлэн Улаанбаатар хотоос бараа бүтээгдэхүүнээ татаж авдаг байна. Үүний хамгийн тод жишээ гэвэл тус аймагт ариун цэврийн цаасны үйлдвэр орж ирсэн ч борлуулалт байхгүйн улмаас үйл ажиллагаа нь зогссон юм. Гэвч тус аймагт ариун цэврийн цаасны хэрэглээ байсаар л байгаа. Иймээс мөнгөний урсгалыг гадагшаа биш дотооддоо авч үлдэх зорилгоор “Увсад үйлдвэрлэв" уралдааныг зарлаад байна. Жилийн туршид хамгийн их дотоодын худалдан авалт хийсэн компанийг шалгаруулан мөнгөн шагнал хүртээх аж.

Холбоотой мэдээ