Гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг аймгийн Онцгой комиссын гишүүд шалгалаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-03-21 22:35:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийдэг. Энэ хүрээнд өнөөдөр зарлан мэдээллийн дохионы дагуу Баянхонгор аймгийн гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг аймгийн Онцгой комиссын гишүүд шалгалаа.

Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал болохыг Онцгой комиссын гишүүд сануулж байсан. Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж, гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж хэвших аливаа эрсдэлээс сэргийлэх тустайг мөн онцолж байв.

Баянхонгор аймагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн танхимын сургалтыг хүүхдийн "Тэмүжин" театрт зохион байгуулсан байна. Сургалтад гамшгаас хамгаалах 12 алба, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хамарчээ. Мөн сумдтай шууд холбогдож, хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өгсөн байна.