Усны зүй зохистой хэрэглээ бий болгохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-22 23:03:43

Ховд /МОНЦАМЭ/.  Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.  Энэ өдрийг  тохиолдуулан  Ховд аймгийн “Шим-Ус” ОНӨААТҮГазраас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Энэ үеэр тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилтын талаар танилцуулж, техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргав.  Тус  үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын дарга Т.Баатарзориг  болон тус байгууллагын  ажилтнууд,  иргэд хөдөлмөрчид оролцлоо.


Тус байгууллага нь Ховд аймгийн хүн амын тав тухтай амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор жилд дунджаар 1,8 сая шоо метр цэвэр ус түгээж, 1,6 сая шоо метр бохир усыг  татан зайлуулж цэвэрлэдэг байна.

Өнгөрсөн оны байдлаар Жаргалант сумын 120 мянга гаруй иргэнд халуун усаар үйлчилж, 2337 орон сууцны засвар үйлчилгээ хийж, 30 гаруй аж ахуйн нэгж, нийтийн орон сууцанд амьдарч байгаа 3200 гаруй айл өрхийг ундны болон  ахуйн  хэрэглээний  цэвэр  усаар ханган, бохир усыг татан зайлуулж, 445 метр куб хуурай  хог  хаягдлыг  тээвэрлэх үйлчилгээ үзүүлжээ.


“Шим-Ус” ОНӨААТҮГ нь 90 гаруй ажилтантай бөгөөд цаашид ус хангамж, ариутгах татуурга, дамжуулах станц, цэвэрлэх байгууламж, орон сууцны засвар, халуун ус, хог тээвэр зэрэг үйлчилгээнийхээ цар хүрээг улам өргөжүүлэх,  чанарыг  сайжруулахыг  зорьж  байна гэж тус байгууллагын дарга Т.Баатарзориг хэллээ.

Тус байгууллага  иргэдэд  ус ашиглалтын талаар мэдээлэл хийж,  усаа хэмнэж,  усны  зүй  зохистой  хэрэглээ  бий болгохыг уриалж, танилцуулга материал тараан ажиллалаа.  

Холбоотой мэдээ