ДОРНОГОВЬ: Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөл хуралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн зөвлөгөөн Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн цэргийн 0129 дүгээр ангид 11 дүгээр сарын 28-нд боллоо.
Зөвлөгөөнд Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга О.Батжаргал, Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-ийн Хилийн албаны сургуулийн дэд захирал, дэд профессор, хурандаа М.Баярсайхан, ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн тэнхимийн багш, доктор, профессор Г.Жаргал, Мандах дээд сургуулийн багш, доктор Н.Сэлэнгэ, Хилийн ангиудын захирагч нар болон хилийн бүс нутагт хамаарах сумдын Засаг дарга нар, хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн гишүүд оролцжээ.
Зөвлөгөөнөөр улсын хил хамгаалалт,
хилийн боомтын аюулгүй байдал, хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах, үндэсний
аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа
холбоог сайжруулах мөн 2025 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж цаашдын бодлого,
зорилт, үйл ажиллагааны талаар зөвлөлийн дарга үүрэг чиглэл өгсөн байна.

Дорноговь аймаг Эрдэнэ, Өргөн, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар БНХАУ-тай хиллэдэг бөгөөд тухайн сумдын малчин иргэд хил хамгаалах үйлсэд оролцдог онцлогтой. Жил бүр зохион байгуулдаг энэхүү зөвлөгөөнөөр улсын хилийн хамгаалалт хийгээд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг юм.
Улаанбаатар