Замын ослоор энэ долоо хоногт 10 хүний амь нас хохирчээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-03-22 18:48:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 826 дуудлага хүлээн авчээ. Ослын улмаас нийслэлд дөрвөн хүний амь нас хохирч, 41 хүн бэртжээ. Харин орон нутагт зургаан хүний амь нас хохирсон байна. 

Бүртгэсэн осол хэргээс дурдвал, Сонгинохайрхан дүүргийн “Монгол наадам” цогцолбор орох замд, "Тоёота Марк II" автомашин онхолдож, 13, 20 настай хоёр зорчигч амь насаа алдсан бөгөөд жолооч нь согтуу байжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны шинэ эцэст марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашин 50 настай явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироогоод, хэргийн газраас зугтсан байна. Дээрх осол гаргасан автомашиныг замын цагдаа нар эрэн сурвалжилж, бага оврын автобусны жолооч байсныг олж тогтоожээ.

Замын цагдаа нар энэ долоо хоногт согтуугаар жолоо барьсан 191 зөрчлийг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Түүнчлэн жолоо барих эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан 33 хүнийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоногоор баривчласан байна.

Холбоотой мэдээ