"Хонгор нутгаараа бахархъя" аялал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-25 17:21:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Залуу манлайлагчид" төвөөс "Хонгор нутгаараа бахархъя" аяллыг залуус, сурагчдын хүрээнд зохион байгуулжээ.

Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулах 380 бүтээлч ажлын анхдагч болох тус аялал нь хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх орноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх зорилготой аж. Энэ удаагийн аяллын баг "Номгон" ахлах сургуулийн сурагчдаас бүрдсэн бөгөөд аялагчид говь, хангай, тал хосолсон гурван бүсийн нутгийнхны бахархал болох, дэлхийд алдартай Шаргалжуут рашаантай очиж танилцжээ. Сурагчид байгалийн гайхамшигт тогтоц, анагаах увидас бүхий 108 төрлийн рашааныг үзэж сонирхохын зэрэгцээ тэдгээрийн түүх домгийн тухайд, хайрлан хамгаалж ирсэн уламжлал, нутаг усны онцлог зэрэг олон төрлийн мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

Тус үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтэс, Цагдаагийн газар, ГБХЗХ-ийн газар, "Чандмань Баянхонгор" ХХК, "Баян-Ойт" цэцэрлэг, Эрүүл мэндийн газар, "Жигүүр богд" ХХК- зэрэг албан байгууллага дэмжин ажиллажээ.

Холбоотой мэдээ