Цомирлог цэцэрлэгийн ачаалал гурав дахин хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар Жаргалант сумын Цомирлог есдүгээр цэцэрлэгт ажиллаж, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Тус цэцэглэг 2018-2019 оны хичээлийн жилд бага, дунд, ахлах, бэлтгэл таван бүлэгт 150 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авч, тэднийг 19 багш, ажилчид сурган хүмүүжүүлж байна.
Цэцэрлэгийн хамт олон үндэсний уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч “Уламжлалаа дээдэлсэн монгол хүүхэд хөгжүүлье” уриан дор үйл ажиллагаагаа явуулж, хүүхдүүд гар утсаар биш шагайгаар нааддаг гэж цэцэрлэгийн багш нар хэллээ. Тус цэцэрлэг 100 мянган шагай цуглуулж, хүүхэд бүр өөрийн гэсэн шагайны уут, олбогтой бөгөөд уламжлалт алаг мэлхий, шагай найрах гэх мэт үндэсний наадгайг бүрэн эзэмшжээ.
Цэцэрлэгийн хамт олон хүүхэд багачууддаа бор будаа, бор гурил, цагаан идээ, чацаргана, аньс, нэрс гэх мэт экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн эрүүл, зөв хооллолтын жороор өглөө, өдөр, үдийн цай, хоолыг нь бэлтгэн өгч байна.
Цоморлог цэцэрлэгийн хувьд Английн Хүүхдийг ивээх сангийн хөрөнгө
оруулалтаар 2 бүлэгт 50 хүүхэд хүлээн авах багтаамжтай, 347,8 мкв талбайтай, 8
багш ажилтантайгаар 2004 оны 11 дүгээр сарын 11-ний
өдөр ашиглалтад оржээ. Гэвч цэцэрлэгийг анх
барьснаас хойш их засвар хийгээгүй,
ачаалал гурав дахин хэтэрсэн, анги танхимын хүрэлцээ
хангамж муутайгаар үйл ажиллагаа явуулж байна гэж удирдлагуудад хэллээ.
Мөн дээврээс ус гоождог, цонхны модон рам гажсанаас дулаан алдагдалтай, цахилгааны монтаж муу хийсэнээс гэмтэл гардаг, урлаг спортын заалгүй учир хүүхэд хөгжих орчин хязгаарлагдмал, 70 хүүхдийн дунд нэг ариун цэврийн угаалтуур, суултуур хэрэглэж байгаа зэрэг нэлээд тулгамдсан асуудал байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч танилцууллаа.
Өнгөрсөн жил Ховд
Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар дээврийн засварын ажил хийсэн ч дахин
шинэчлэн засварлах шаардлага тулгарчээ. Аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди нөхцөл байдалтай танилцаад холбогдох албаныхныг уг
цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцуулах, УИХ-ын гишүүдэд уг
асуудлыг уламжилж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.