Ховд аймаг 3000 га-д тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-26 13:37:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 25-26-ны өдөр зохион байгуулж байна

Зөвлөгөөний зорилго нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх, 2019 оны  зорилтоо тодорхойлох, сумдын  тасагтай хамтран  ажиллах  үр дүнгийн гэрээ байгуулахад чиглэж байв.

Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ын хэлтэс, аймгийн ХХААГ, аймгийн Бэлчээр, ашиглагчдын холбоо, Ховд аймаг дахь Мерси кор ОУБ, Сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 40 гаруй хүн оролцож байна.

Тус салбарын байгууллагууд энэ онд малын бэлчээрийг хамгаалах, сайжруулахад анхаарч ажиллах бөгөөд газар тариалангийн салбарыг  хөгжүүлэх чиглэлээр  шинэ бодлого  хэрэгжүүлэхээр  төлөвлөж  байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн хэллээ. Тухайлбал, Ховд аймаг өнгөрсөн онд 2200 га талбайд тариалалт хийж байсан бол энэ онд нэмэгдүүлж  3000 га-д  тариалалт хийх ажээ.

Мөн энэ онд мал аж ахуй, туслах аж ахуй, газар тариаланг ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх  зорилгоор  аймгийн “Агро парк” хөтөлбөр хэрэгжүүлэхээр улсын төсөвт 1,2 тэрбум төгрөг тусгасан байна. 

Түүнчлэн  “Газар тариалан” дэд хөтөлбөр, “Бэлчээр ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”, “Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр” зэргийг  боловсруулан батлуулах ажил  хийж байгаа талаар аймгийн удирдлагууд мэдээлэл хийлээ. 

Улмаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх,  эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийн тулд зах зээлд гаргах түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч, дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлж ажиллах талаар нэгдсэн зөвлөмж гарган, салбар байгууллагуудад хүргүүлэхээр болов.

 


Холбоотой мэдээ