Ж.Бямбадорж: Эрүүдэн шүүсэн гэх гомдол ирж байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-28 11:57:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа хүмүүс "биднийг эрүүдэн шүүж байна” гэсэн гомдлыг өгч байсан ч, манай байгууллага хууль, шүүхийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох эрх байгаагүй" хэмээн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мэдээлэв.

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр, “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр одоо ял эдэлж байгаа хүмүүс, 2015 онд хоригдсон цагаасаа бидэнд удаа дараа гомдол ирүүлж байсан юм. Тодруулбал, эрүүдэн шүүсэн, эргэлт уулзалт оруулахгүй байна, эрүүл мэнд муудсан гэх зэрэг. Хуулинд, ХЭҮК хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шатанд байгаа хэргийн гомдлыг авч болохгүй гээд заасан байдаг. Гэвч тухайн үед, УЕП, ҮАБЗ болон ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын даргад бичиг хүргүүлж байсан. Харамсалтай нь, бидэнд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарын гарын үсэгтэй бичиг л хариу ирсэн. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас энэхүү асуудлыг нийтэд зарлах боломжгүй байсан. Эрүүдэн шүүх нь гэмт хэрэг. Гэхдээ энэ асуудлыг шалгах эрх манай байгууллагад байдаггүй юм. Нэмээд хэлэхэд, аймаг, сум дахь хэрэг бүртгэх ажиллагаанд ч эрүүдэн шүүх асуудал байгаа. Манай байгууллагад ирсэн гомдлыг харахад, “чи хэргээ хүлээхгүй бол эхнэр, ээжийг чинь хорино шүү” гэж эмзэг байдлыг нь хөндөж мэдүүлэг авдаг асуудал их байна. Тиймээс ХЭҮК-оос хөөцөлдөн есөн дүүрэг, 21 аймгийн цагдаа, ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид дуу, дүрс бичдэг мэдүүлгийн өрөөтэй болгосон. Шинэ эрүүгийн хуулиар, мөрдөгч дээрх өрөөнд мэдүүлэг авна ч гэж заасан байгаа. Гэтэл энэ хуулийг орон нутагт хэрэгжүүлэхгүй байна. Монгол Улс “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-д 2014 онд нэгдэн орсноос хойш  таван жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дээрх олон улсын гэрээний дагуу эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулаагүй байна. Комисс нийтдээ 17 илтгэл бичиж, УИХ-д өргөн барьсан. Үүний 13-д нь эрүүдэн шүүхийн эсрэг санал зөвлөмж байсан.  Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ авдаггүй” гэв.

ХЭҮК-ын гишүүн Ц.Оюунчимэг, “Улсын дээд шүүх ганцхан удаа “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ыг хэрэглэж, хэрэг шийдвэрлэсэн. Энэ жилийн манай комиссын бичсэн илтгэлээс харахад, Улсын дээд шүүхийн 500-600 тогтоолд энэхүү конвенцийг хэрэглэсэн тохиолдол гараагүй байна. Энэхүү конвенцийг хууль, шүүхийн байгууллага хэрэглэхийг Улсын дээд шүүхийн 2008 оны 45 дугаар тогтоолоор баталж байсан юм. Гэтэл энэхүү олон улсын гэрээ конвенцийг хэрэглэдэг шүүх, хуулийн байгууллага байхгүй байгаад харамсаж байна. 2004-2005 онд гарсан хэргүүдийг илрүүлэхэд эрүүдэн шүүсэн гэж нэр холбогдоод байсан албан тушаалтнууд бүгд цол ахиж дарга нар болсон” гэв.

“2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын есөн гишүүний санаачилсан хуулийн төслөөр УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс эхлээд л Монголд эрүүдэн шүүх тогтолцоо газар авч эхэлсэн” хэмээн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж онцлов. 

Холбоотой мэдээ