Н.Тогтохбаяр: Зөгий ургамлаасаа хамаараад олон төрлийн бал гаргадаг

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-03-29 16:22:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбоонд “Зөгийний бэлчээрийн зохистой менежмент” хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн талаар АХБ-ны ХАА-н нэмүү өртөгийн сүлжээг дэмжих төслийн зөвлөх, ХААИС-ийн профессор Н.Тогтохбаяраас тодруулбал, “Манай төсөл ХАА-н салбарт долоон төрлөөр хэрэгжиж байна. Гол нь ХАА-н нэмүү өртөгийн сүлжээг бий болгох юм. Үүний нэг нь зөгийн аж ахуй. Энд бид эхний ээлжинд, зөгийчдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, хоёрт, ААН-үүдийн үйл ажиллагааг өргөжүүлж бүтээмжийг нэмэгдүүлэх, эцэст нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдөр бид зөгийн бэлчээрийн талаар, тодруулж хэлбэл зөгийчдэд балт ургамлуудаа хэрхэн таньж ашиглах талаар сургаж байна.


Манайхан балт ургамлуудаа төдийлөн сайн таньдаггүй явдал бий. Ургамлуудаа ялгалгүй, холиод ганцхан нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаад байдаг. Уг нь балт ургамлыг эрдэмтэд нь судлаад, түүн дээр түшиглэн зөгийчид ургамлаа сонгон олон нэр төрлийн бал гаргах учиртай юм. Тухайлбал, тайжийн жинс гээд ургамал цэцэглэж байгаа үед ийм ургамлын бал гаргах учиртай. Мөн хөвөн оройт, бургасны цэцэг ургаж буй үед мөн ийм төрлийн ургамлууд давамгайлсан бал гэж олон нэр төрлөөр гаргах ёстой. Ингэснээр зөгийн балны гарал үүсэл нь ч тодорхой болох юм. Өнөөдөр бид үүнийг зааж байна” гэв.


Тэрээр зөгий малын бэлчээрт сайнаар нөлөөлдөг гэсэн сонирхолтой мэдээлэл өглөө. Юу гэвэл зөгий нь цэцэгнээс цэцэгт дамжин тоосыг нь хүртээснээр байгалийн ургамлаа улам баяжуулж байдаг аж. Энэ утгаар зөгий нь малын тоо толгойг хязгаарлаж, үлдэр угсаа, ашиг шим, малын чанарыг нь сайжруулахад дам нөлөөлдөг байна.

Профессор Н.Тогтохбаяр, “Монголчууд бид газрын доорх баялгаа ухахаасаа илүү дээр нь ургаж, нөхөн төлждөг баялгаа ашиглан, хэзээ ч мууддаггүй шингэн “алтаа” үйлдвэрлэж хүн амаа эрүүл хүнсээр хангахаас гадна гадаадад экспортлох боломж байна” гэв. Манай улс Япон, БНСУ, БНХАУ-ын Шанхайн зах зээлд зөгийн балаа гаргаж байгааг тэрээр хэлсэн юм

Зөгийчдийн хэлэлцүүлэг сургалт “Зөгийг ургамлын тоос хүртээлтэнд ашиглах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” сэдвээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ