АНУ энэ удаа Гуантанамогийн асуудлыг Кубатай хэлэлцэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-22 09:49:46

ГАВАНА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Кубын удирдагч Рауль Кастро нарын уулзалтын үеэр Гуантанамо арал дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазтай холбоотой сэдвийг хөндсөн боловч АНУ-ын эрх баригчид энэ асуудлыг одоо хэлэлцэх бодолгүй байна. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахын орлогч Бен Родс даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Кубын Засгийн газар мэдээж хэрэг Гуантанамогийн асуудлыг хөндсөн. Тус арал дахь бидний оролцоо нь улсынх нь бүрэн эрхт байдлыг зөрчиж байна гэж тэд үзэж байна” гэж Родс хэлжээ. “Энэ асуудлыг хэлэлцэхгүй гэдгийг бид маш тодорхой хэлсэн. Одоогоор бид тус арал дахь шоронг хаах төлөвлөгөөнд гол анхаарлаа хандуулж байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна. Гэхдээ Гаванагийн төлөөлөгчид энэ асуудлыг дахин хөндөнө гэж Цагаан ордон үзэж байгаа аж.

“Аль-Каида” байгууллагатай тэмцэх ажиллагааг эхлүүлсний дараа 15 жилийн өмнө байгуулсан Гуантанамогийн бааз дахь тусгай шоронг хаах тухай төлөвлөгөөгөө Обама урьд нь танилцуулсан билээ. Пентагон урьдчилан тооцоолсноор, Карибын тэнгисийн арал дахь тусгай объектыг татан буулгахад болон хоригдлуудыг өөр шоронгуудад шилжүүлэхэд 290 сая доллароос 475 сая доллар зарцуулна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ