О.Алтангэрэл: Төслийн өгөөжийг малчид хүртсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 10:43:57

“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амжиргаа” төсөл улсын хэмжээнд Баянхонгор аймагт хэрэгжсэн. Тус төсөл Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан, Заг сумд 4-н жилийн хугацаатай хэрэгжээд дуусч байгаа юм. Төслийн зохицуулагч О.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Төслийг яагаад Баянхонгорт хэрэгжүүлэхээр сонгов? Улсын хэмжээнд ганцхан тус аймагт л хэрэгжүүлсэн юм байна шүү дээ.

-Баянхонгор аймаг өөрөө гурван бүсийн нутагтай, говь хангайн цэнхэр орон хэмээн алдаршсан аймаг. Энэ утгаараа уур амьсгалын өөрчлөлтийг тал талаас нь ажиглаж, үйл ажиллагаагаа явуулахад нэн тохиромжтой гэж сонгосон. Говийн бүсийг төлөөлж Бууцагаан, тал хээрийн бүсийг төлөөлж Хүрээмарал, хангайн бүсийг төлөөлж Заг гэсэн гурван сутд төсөл хэрэгжлээ.

-Төсөл хэрэгжих хугацаанд гарсан үр дүнгийн талаар тодруулаач.

-Төслийн зорилго нь ХАА-н салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдлыг сайжруулахад оршиж байгаа. Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл маань Баянхонгор аймагт 2012 оноос 2016 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжиж дуусна. Тэгэхээр улсын хэмжээнд ХАА-н салбарт дорвитой хөрөнгө оруулалт оруулж, үр дүн нь харагдаж байгаа төсөл гэвэл манайхыг хэлж болно.

Ганцхан жишээ хэлэхэд, Баянхонгор аймгийн төсөл хэрэгжиж буй сумдад 30 гүн өрмийн худаг байгуулах зорилттой байсан бол бид 51 худаг барьлаа. Бэлчээрийн асуудал жил ирэх тусам хурцдаж байгаа ийм цаг үед бэлчээрийн зохистой ашиглалтыг бий болгоход аймаг, сумын удирдлагууд, бэлчээрийн зөвлөх, мэргэжилтэн, малчдын оролцоотойгоор бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг амжилттай баталж чадлаа. Урьд нь бэлчээрийн усан хангамж, бэлчээрийн менежмент, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд дорвиотой ажлууд хийгдээгүй байсан. Тиймээс төслийн буцалтгүй тусламжийн санхүүжилтийг ашиглаж худгуудийг нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулах болон энгийн худгийг гар аргаар тохижуулах ажлыг хийлээ. 30 булаг шандны эхийг хамгаалж, тохижууллаа. Малчны 67 бүлэгтэй бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг гаргаж, үүндээ үндэслэн багийн, сумын хэмжээний бэлчээрийн ашиглалтын төлөвлөгөөг гаргаж, сум болон багийн ИНХ-аар хэлэлцүүлэн батлуулж ажиллаж байна.

-Төсөл хэрэгжээд дууссаны дараа та бүхний бүтээн байгуулалтыг хамгаалж, өөрсдөө бэлчээрийн менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, цаашид бие даагаад аваад явчих чадамжтай болсон болов уу?

-Бэлчээрийн зөвлөхүүд, төсөлд ажилласан зөвлөхүүдийн оролцоотойгоор малчдад сургалтуудыг 3000 шахам хүнд шат дараатай явуулсан. Энд бэлчээрийн даац тогтоох, бэлчээрийн менежментийг төлөвлөгөө гаргах, дулааны улирлын бэлчээр ашиглалтыг төлөвлөх, байгальд халгүй, энгийн механик аргаар хортон мэрэгчтэй тэмцэх зэрэг олон сургалт багтсан. Мөн малчны бүлгийг байгуулах, хоршоодыг бэхжүүлэх, худаг ус гаргах, худгийн цахилгаан үүсгүүрийг хадгалах, урт хугацаанд ашиглах заавар, малчдын бизнес эрхлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг тал бүрийн мэдлэг олгох хичээлүүд орсон байгаа. Ингэснээр малчид аль нэг төсөл хөтөлбөрөөс үл хамааран бие дааж ажиллаж амьдрах, төслийн хүрээнд бий болгосон бүтцийг хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэх бүрэн чадамжтай болсон гэж харж байгаа.  

-Төсөл хэрэгжсэн сумдын иргэдийн идэвх оролцоо хэр байв?

-Анхандаа малчид маань төслийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Намын харьяаллаар малчдыг сонгон дэмждэг гэсэн яриа хүртэл гараад амжсан. Тиймээс бид төслийн талаарх Нээлттэй зөвлөгөөнийг аймгийн төвд зохион явуулсан. Үүний дараа гурван сумын төвд төслөө танилцуулах зөвлөгөөнийг хийж, энэ ажлаа нэгжийн түвшинд буюу багийн төв, малчны хотонд танилцуулсан. Ингээд л төсөлд хамрагдахыг хүссэн хэнийг ч болов оролцуулна гэдгийг ойлгож, дунд хугацаанаас малчдын оролцоо, басхүү өрсөлдөөн идэвхжсэн.

-Төсөл цаашид үргэлжлэх боломж бий юу?

-Төслийн санхүүжилт өөрөө буцаан төлөгдөхгүй. Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангаас бидний хэрэгжүүлсэн төслийн үр дүнд бий болсон ажлуудыг орон нутаг нь үргэлжлүүлээд яваасай гэх хүсэлтэй байна. Хэрэв орон нутаг өөрсдөө бололцоотой гэж үзээд хүсэлтээ гарган, тооцоолол үндэслэлээ хийчихвэл цаашид зээл байдлаар төсөл хэрэгжээгүй сумдад хэрэгжүүлэх боломж бий.

Б.Мөнхзул

 

 

Холбоотой мэдээ