Жүжгийн зохиолын уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-02 14:42:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театр “Эртний түүх, ойрхи болон нэн шинэ түүх, орчин үеийн, уран зөгнөлт, домог бэлгэдэл”-ийн сэдэвтэй драм, мюзикл, туульсийн төрлөөр жүжгийн зохиолын уралдаан зарлалаа.

Эх орон, үндэсний өв соёл, зан заншил түүхэн уламжлалаа бахархан дээдлэх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, монгол агуулга бүхий үндэсний шилдэг бүтээлээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөхиүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилгоор дээрх уралдааныг 4-р сарын нэгнээс эхлэн зарлажээ.

Уралдаанд ирүүлэх жүжгийн зохиолыг тавдугаар сарын 10-ныг хүртэл Улсын драмын эрдмийн театрын менежер хүлээж авах аж. Уралдааныг зургадугаар дугаар сарын 1-ний  дотор УДЭТ-ын даргын тушаалаар байгуулсан комисс дүгнэж, нийтэд зарлана. Шалгарсан жүжгийн зохиолыг УДЭТ-ын тайзнаа уран бүтээл болгон тавих эсэхийг театрын Уран сайхны зөвлөл хэлэлцэн шийднэ. Уралдаанд ирүүлэх бүтээл нь монгол агуулга бүхий бүрэн хэмжээний, А4-ийн цаасан дээр компьютерт шивсэн байх шаардлагатай аж. Зөвхөн нүүр хуудсан дээр жүжгийн зохиолчийн нэр, зохиолын нэр, холбогдох утсыг бичиж, зохиолыг 6 хувь илгээхийг зохион байгуулагчид сануулж байна.

  • Нэгдүгээр байр  – 10,000,000 төгрөг
  • Хоёрдугаар байр – 8,000,000 төгрөг
  • Гутгаар байр – 5,000,000 төгрөг. Жүжгийн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 70128999, 99123088 дугаараас авч болох аж.
Холбоотой мэдээ