Цусаа бэлэглэх өдрөөр доноруудыг урамшуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-04-04 19:13:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ сар бүрийн 3-нд тохиодог “Цусаа бэлэглэх өдөр”-ийг 49 дэх удаагаа тэмдэглэлээ.

 
Тус төв 2009 оноос JCI Капитал байгууллагатай сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр 10 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа “Амьдрал бэлэглэе” төслийн 10 жилийн ой тохиож байна. Нээлтэд JCI Монгол байгууллагын 2019 оны үндэсний ерөнхийлөгч Г.Мөнх-Эрдэнэ, JCI Капитал салбар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч О.Мөнхнасан, СБД-ийн ИТХ-ийн дарга Э.Ганбат, ЦССҮТ-ийн Чанар сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа нар оролцов.

Энэ өдрийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүнийг орлуулах боломжгүй тул сайн дураараа тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа доноруудыг шагнаж урамшуулав. Тухайлбал 150-иас дээш удаа цасаа бэлэглэсэн донор А.Батболдыг “Алтан донор”-оор, 70-аас дээш удаа цусаа хандивласан хүндэт донор Б.Эрдэнэсүрэн, Р.Баялагмаа нарыг “Хүрэл донор”-оор өргөмжлөв. Мөн цусны доноруудаас “Бахархал 10, 20, 30, 40, 50” тэмдгээр таван донорыг шагнаж урамшуулсан юм.

Холбоотой мэдээ